Нидерланд улс Санкт-Петербург дахь Консулын газраа хааж, Гааг дахь Оросын элчин сайдын яаманд ажилладаг дипломатуудын тоог хязгаарлана гэж мэдэгдлээ. Түүнчлэн Амстердам дахь Оросын худалдааны төлөөлөгчийн газрыг хаахаар болжээ. Энэ талаар Нидерландын Гадаад хэргийн сайд бямба гарагт мэдэгдсэн бөгөөд дипломат хүрээлэлд тагнуулчдаа шургуулах гэсэн оролдлогыг Оросын тал байнга хийж байгаа тул ийм арга хэмжээ авч байгаа хэмээн онцолсныг ВВС агентлаг дамжуулсан байна.
"Орос улс дипломат халхавчин дор Ниделанд руу тагнуулчдаа нууцаар оруулах оролдлого хийсээр байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүний зэрэгцээ Орос улс Санкт-Петербург болон Москва дахь манай төлөөлөгчдийн газрын дипломатуудад виз олгохоос татгалзаж байгаа юм" хэмээн Нидерландын Гадаад хэргийн сайд Вопке Хукстра мэдэгджээ.
Түүнчлэн мэргэжилтэн хангалтгүй байгаагийн улмаас Санкт-Петербург дахь Нидерландын Консулын газрыг тун удахгүй хаана, харин Элчин сайдын яам үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Нидерландын Гадаад хэргийн сайд мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, энэ долоо хоногийн мягмар гараг гэхэд Амстердам дахь Оросын Худалдааны төлөөлөгчийн газрыг хаах үүргийг Нидерландын эрх баригчид өгсөн байна. Гэхдээ түр хугацаагаар хааж байгаа гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Ийнхүү худалдааны төлөөлөгчийн газрыг хаах болсон нь тагнуулын хэрэг төдийгүй ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотой аж. ЭНэ талаар NOS телевизэд ярилцлага өгөхдөө Хукстра онцолжээ.
Худалдааны төлөөлөгчийн газрыг хаах шийдвэр гаргасан нь "Орос улс олон улсын хүний эрхийг зөрчсөөр байгаагийн хариу" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. "ОХУ Украин дахь энгийн иргэд, дэд бүтэц рүү халдахаа зогсоохоос нааш Оросын худалдааны төлөөлөгчийн газрыг нээхгүй" хэмээн Хукстра мэдэгджээ.
Нидерланд Оросын дипломатуудыг хөөж, ОХУ хариу барина
Оросын Худалдааны төлөөлөгчийн газрыг хаахын зэрэгцээ тус улсын дипломатуудыг хөөхөөр болжээ. Ойролцоогоор 10 орчим Оросын дипломат Нидерландыг орхин явна гэж Хукстра NOS телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Оросын тал одоогоор энэ шийдвэрт тодорхой хариу өгөөгүй байна. Ямартай ч "Орос улс зохих хариу арга хэмжээ авна" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны эх сурвалж ТАСС агентлагт өгүүлжээ.
Энд дуулгахад, өнгөрсөн оны гуравдугаар сард буюу Орос улс Украин руу түрэмгийлсний дараахан Нидерланд улс Оросын дипломатуудыг хөөсөн Европын орнуудын нэг болж байв. Тухайн үед Бельги 21, Нидерланд 17, Ирланд дөрвөн дипломатыг хөөсөн юм. Түүнчлэн Чехи, Хойд Македони ч Оросын дипломатуудыг өхөж байлаа.
Ийнхүү Оросын дипломатуудыг хөөн гаргах болсон нь тэднийг тагнуулын хэрэгт сэжиглэж байгаатай холбоотой гэж дээрх орнуудын эрх баригчид мэдэгдэж байсан юм. Мөн тухайн үед Польшийн эрх баригчид тагнуулын хэрэгт сэжиглэгдэж буй Оросын 45 дипломатчийн жагсаалтыг гаргаж байв.
Нидерландын хэвлэлийн мэдээлснээр, өнгөрсөн онд дипломатуудыг хөөсний дараа тус улсад Оросын 58 дипломат үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан аж. Нидерланд Оросын дипломатуудыг хөөсний хариуд ОХУ Нидерландын 15 дипломат ажилтныг хөөхөөр болсноо зарлаж, элчин сайдын яамд руу шинээр харилцан дипломат илгээх тухай хэлэлцээ амжилтгүй болсон гэж Нидерландын Засгийн газар мэдэгдэж байв.
Өнгөрсөн онд, тэр дундаа дайн эхэлсний дараахан буюу гуравдугаар сард Орос болон Европын орнууд харилцан дипломат ажилтнуудыг хөөсөн юм. 2022 онд дэлхийн улс орнууд Оросын 580 дипломатыг хөөсөн бол Орос улс гадаад улс орнуудын 302 дипломат ажилтныг эх орон руу нь буцаажээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |