Өнөөдөр цахим ертөнцөөс ямар ч мэдээлэл төвөггүй, хормын зуур олох боломжтой болсон ч бид элдэв хуурамч мэдээлэлд итгэсээр л байдаг. Тэр дундаа олон жил яригдаж тогтсон төөрөгдлөөс тэр бүр салдаггүй. Ийм төөрөгдлүүдийн ихэнх нь эртний түүхтэй холбоотой байх нь бий.
Клеопатра үзэсгэлэнтэй эмэгтэй байсан
Эртний түүхчид Клеопартаг сэцэн ухаантай, хүмүүсийг удирдаж, тархийг нь угааж чаддаг байсан гэдэг дээр санал нийлдэг ч гоо үзэсгэлэнгийнх нь талаар нэг ч үг хэлээгүй. Олон зууны дараагаас л түүнийг үзэсгэлэн төгс байсан гэх яриа гарах болжээ. Эртний Грекийн зохиолч, гүн ухаантан Плутарх хүртэл Клеопатраг харсан хүн бүрээ бишрүүлэхэйц үзэсгэлэн төгс байгаагүй гэж ярьж байсан гэнэ.
НАСА жингүйдлийн үед ашиглах боломжтой үзэг зохиохоор сая сая доллар зарцуулсан
Оросууд сансарт харандаа ашиглаж байхад НАСА жингүйдлийн нөхцөлд бичиж болох үзэг бүтээхийн тулд олон сая доллар зарцуулсан гэх яриа бий. Харандааг сансарт ашигласнаар маш их тоосонцор үүсэж, энэ нь цахилгаан төхөөрөмжид богино холболт үүсгэнэ гэдгийг оросууд мэдэж л байсан. Харин НАСА-ийн тухайд гэвэл жингүйдлийн үед ашиглах үзгийг энэ агентлаг биш харин Америкийн улс төрч, бизнесмен Пол Фишер өөрийн зардлаар бүтээж, дараа нь НАСА-д заржээ.
“Тэдэнд талх байхгүй бол бялуу идэг л дээ” гэж Мария Антуанетта хэлсэн
Үнэндээ энэ үгийг хатан хаан Мария Антуанетта хэлээгүй гэдэг. Энэ талаар анх Жан-Жак Руссогийн бичсэн Мария Антуанеттагийн намтарт орсон онигоонд дурдагджээ.
Ийм онигоо зохиох болсны учир нь тухайн үеийн суртал ухуулгатай холбоотой гэж судлаачид үздэг юм. Мария Антуанетта хатан хаанд францчууд дургүй байсны дээр бүхий л чадлаараа харлуулах гэж үздэг байсан гэх.
Эйнштейн муу сурлагатан
Эйнштейн сургуульд байхдаа математикийн хичээл дээрээ муу сурдаг байсан гэх цуу ихээхэн тархсан байдаг. Энэ төөрөгдөл сургуулийн үнэлгээний шатлалаас үүдэн гарчээ.
Эйнштейнийг сурч байх үед хамгийн өндөр үнэлгээ нь 1 байж. Харин дараа нь 5 болж өөрчлөгджээ. Эйнштейн математикийн хичээлд тун сайн байсан бөгөөд тухайн үеийн дүнгийн шатлалаар 1 дүн авдаг байж.
Наполеон намхан
Наполеон 168 см өндөртэй байсан гэж түүхчид баталдаг бөгөөд энэ нь тухайн үедээ дундаж өндөрт ордог байж. Наполеоныг харлуулахад Английн суртал ухуулга ихээхэн нөлөөлжээ. Британийн сонинууд тухайн үед мэдээ бичихдээ Францыг одой эр удирдаж байна хэмээн бичдэг байж.
Моцартыг Сальери хордуулсан
Моцартыг Сальери хордуулсан гэх ярианд одоо хүртэл хүмүүс итгэсээр байдаг. Үнэн хэрэгтээ тухайн үед эмчлэгдэх боломжгүй халдварын улмаас Моцарт нас барсан гэдэг дээр түүхчид санал нийлдэг юм. Харин Сальери авьяаслаг хөгжимчин байсан ч түүнийг Моцартад атаархдаг хэмээн хүмүүс буруутгаж байсан бол хожим нь Моцартыг тэр л хордуулсан гэсэн яриа гаргажээ.
Догшин Иван галзуу байсан
Оросын Догшин Иван хааныг галзуу байсан гэх яриа бий. Европын хаад Оростой харилцахыг зогсоохын тулд Ливоны ордны төлөөлөгчид энэ яриаг Европт тараажээ. Харин түүхчдийн бичсэнээр, Догшин Иван хааны явуулж байсан бодлого ихээхэн шинэлэг, тухайн үедээ ихэд өвөрмөцөд тооцогдохоор байсан гэнэ. Өөрөөр хэлбэл цаг үеэсээ түрүүлсэн байж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |