Өнгөрсөн бямба гарагт нэг бүлийн долоон хүн суудлын автомашинтай Увс аймгийн Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” чиглэлд явахдаа Хяргас нууран дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч осолдсон байна.
Осол болсон газар Онцгой байдлын албаныхан очиход суудлын автомашин мөс рүү цөмөрч орсон, дотор нь сууж явсан ДОЛООН хүн бүгд гарсан нөхцөл байдалтай байсан байна. Ослын улмаас 42 настай эрэгтэй, 13 настай, эмэгтэй нарын биеийн байдал хүндэвтэр, хоёр настай хүүхэд ухаангүй эмнэлэгт хүргэгджээ.
Тэдний биеийн байдлын талаар албаны эх сурвалжтай холбогдоход "Гэр бүлийн долоон хүн явсан юм билээ. Яг одоогоор нэг том хүн /аав нь/, хоёр настай хүүхэд сэхээний тасагт хүндэвтэр оноштойгоор эмчилгээ үйлчилгээ авч байна. Хоёр хүүхэд энгийн тасагт эмчлүүлж байгаа. Хоёр хүүхэд эмнэлэгт хэвтээгүй. Ээж нь хоёр настай хүүхдээ сахиж байгаа. Тухайн машин цөмөрч ороход ард нь явж байсан машин дотор бага эмч явж таараад эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна" гэсэн мэдээллийг өглөө.