БНХАУ тэг ковид бодлогоо цуцалж өнгөрсөн сараас эхлэн удаан хугацааны турш үргэлжилсэн хил гаалийн хязгаарлалт эргэж хэвийн байдалд орсон.
Гэвч хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг үг Замын-Үүд-Эрээний боомт дээр биелэлээ олж байна. Тодруулбал, өнгөрсөн өдрүүдэд ямар нэг онцлох шалтгаангүйгээр ачаа тээврийн машинууд Монгол Улс руу орж ирж чадахгүй, ТЭГ зогсолт хийв. Удаан хугацааны турш дугаарласан жолооч нарт Зам-Үүд боомтын дарга солигдож байгаа гэхээс тайлбар хэлээгүй аж. Ямартай ч Эрээний хилээр ганцхан хоногийн дотор гарсан ачаа тээврийн машин Монголын хил дээр 10 хонож байна.
Сар шинийн баярын өдрүүдэд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт сайжирч байж, үнэ буурч, иргэд үнийн дарамтад харьцангүй бага өртөнө. Гэтэл бүх л бүтэн 10 хоног ТЭГ зогсолтод оруулчихсан байгаа асуудалд бизнес эрхлэгчид бухимдалтай байна. Монгол Улс боомт хариуцсан яамтай, сайдтай. Гэтэл экспорт импортын гол цэг Замын-Үүд боомт тэг зогсолт хийчихээд байгаад асуудалд анхаарал хандуулж, ачаа барааны эргэлтийг сайжруулах асуудлыг тоож байгаа хүнгүй эзэнгүй салбар шиг л байна.
Х.Булгантуяа сайд та сайдынхаа ажлыг авахдаа "Эдийн засгийн төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд боомтын хөгжил чухал үүрэгтэй. Бид 2016 оноос хойш зургаан боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн явж байна. Нэгдүгээр сарын 8-наас Замын-Үүдийн боомт нээгдэх гэж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл бүрдэнэ гэж найдаж байна" хэмээн мэдэгдсэн.
Гэтэл Замын-Үүд нээгдээд хэвийн ажиллаж байхад Монголын тал ТАГ зогсоочихлоо. Үүнээс өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ буурах битгий хэл бизнес эрхлэгчид бараагаа авч чадахгүй нөхцөл байдлаас үүдэн байгаа барааныхаа үнийг нэмж зарахаас өөр аргагүй байдал ороод байна.
П.ГОО