Өнөөдөр Хөгжлийн банкны 1.3 тэрбум төгрөгийн зөрчлөөр хэн ч хариуцлага хүлээгээгүй байна гэдэг үгийг УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон юм.
2011 оны төгсгөл. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17,5 хувьд хүрч олон улсад үнэлэгдэж эхэлсэн цаг. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах эрмэлзлэл дүүрэн байсан үе. Яг энэ цаг хугацаан дээр Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар Чингис бондыг босгож, "Миний үр хүүхэд энэ зээлийг төлнө" хэмээн бардамнаж байв. Ямар ч бэлтгэлгүй, бэлэн төсөлгүй зээлийн тоолуур гүйж эхлэхэд Ардчилсан намынхан туйлж эхэлсэн. Хөгжлийн банкыг байгуулж, баруун солгиогүй ямар нэг тендергүйгээр төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлж, залуусын хэлдгээр саагиж эхэлсэн цаг л даа. Тухайн үед Н.Алтанхуяг Ерөнхий сайдад гудамж төслөөс өөр онцлох төсөл байсангүй. Өнөөдөр ч түүнийгээ л ярьж байна. Гэтэл Чингис бондын өчүүхэн хэсгээр энэ ажил хийгдсэн гэдгийг онцлох хэрэгтэй.
Харин одоо зорилгогүй, төлөвлөгөөгүй бонд босгож, саагисны хариуг ард түмэн үүрч байна. Хөгжлийн банк дампуурахдаа тулж, Монгол Улсын гадаад дахь нэр хүнд навс унав. Хаа сайгүй идэж уусан ах дүү, анд нөхөд, амраг саднаасаа төрийн мөнгийг хэрхэн хувааж үрэн таран хийснийг Монголчууд нийтээрээ харж байна. Гуравхан сая хүний хөгжлийн тухай биш гэр бүлээрээ яаж хөрөнгөжин тэлж, тэрбумтнууд ар араасаа хэрхэн төрсөн түүхийг сонсож байна.
Энэ үйл явцад төрийн тэргүүнээс эхлээд Засгийн газар, Улсын Их хурал, томоохон газар агентлагийн удирдах албыг хашиж байсан хүмүүс хамаарч байгаа нь нийгмийг бухимдуулж байна.
Тэдний нэг нь Х.Баттулга та. Та бол Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүн. Ард түмэнд авсан өгсөн тань нээлттэй байх ёстой. Төрөөс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт та болоод таны хүүхдүүд хамаатай эсэхийг асууж байна. Ард түмнийг төлөөлж байгаа төрийн эрх барих дээд байгууллагаас төрийн мөнгийг хэрхэн зарцуулсныг хянаж шалгаж байна. Үүнд та болон таны хүүхдүүдийн нэр дурьдагдаж байгаа учраас ийнхүү ГЭРЧЭЭР дуудсан хэрэг. Буруугүй л бол тэр л биз.
Таны хэлсэн шиг ардчилсан оронд хэн юугаа хийж, хүүхдүүдээ юу өгч, юугаа өвлүүлэх нь дур зоргийнх. Харин аав нь хүүхдүүддээ давуу байдал бий болгож, ард түмний хөрөнгө рүү хуруу дүрсэн бол өөр хэрэг. Х.Баттулга та бол УИХ-ын гишүүн сайд, Ерөнхийлөгч гээд төрийн өндөр дээд албан тушаалууд хашиж байсан нэгэн. Тэгэхээр энэ хугацаандаа төрийн мөнгөнд хамаарал бүхий эдгээдүүдээ оролцуулан үрэн таран хийсэн үү, үгүй гэх л асуудал яригдаж байна. Гэм буруугүй бол тэр л биз.
Эцэст нь та болон таны хүүхдүүд Хөгжлийн банкны 1,3 тэрбум зөрчилтэй холбоотой төрийн эрх барих дээд байгууллагад ГЭРЧЭЭР дуудагдсан. Б.Энхбаяр, Т.Дорханд нарын хувь хүмүүс биш. Төрийн их хэмжээний мөнгө яаж үрэн таран хийгдсэн асуудал яригдаж байна. Иймээс та ялархах хэрэггүй...
П.ГОО