Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Мета компанийн Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ ирэх даваа гаригт илгээнэ гэдгээ өнөөдөр мэдээлэв. Тэрбээр "Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэсэн албан бичгийг ирэх даваа гаригт Мета компани руу явуулна.
Надтай уулзсан, хуулийн орчуулгаа өгсөн, хамтарч ажиллая, 11 дүгээр сард ажлын хэсгээ ирүүлье гэсэн. Гэтэл намайг худалч хүн гэсэн. Надтай уулзсан ярианых нь аудио протоколь байгаа. Хувь хүндээ бус туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн сүлжээгээр илтэд гүтгэж, дайрах нь байж болохгүй зүйл.
Мета компани, фэйсбүүк сүлжээ улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан. АНУ-ын шахалт дарамтад оруулж, манай улсыг хоригт оруулна гэсэн мэйлүүдийг ч ирүүлж, оролцохын дээдээр оролцсон.
Тиймээс эхний ээлжинд Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас халж, надаас уучлалт гуй гэсэн шаардлагыг тавина. Уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэж мэдэгдэв.
Б.Хэрлэн