Манлайлагч тамирчин Н.Баатарзоригтийг уулын оргилтой зүйрлэхийг хүслээ. Учир нь тэр аль хэдийн өөрийнхөө сонирхлыг тодорхойлсон, амьдралын зорилготой болсон, мөн олон хүмүүст урам өгч нэр шиг ээ баатарлаг бөгөөд зоригтой урагшилж байгаа билээ.
Тэрбээр "Бид дэлгүүрт чихэр авахаар ээрэн уйлж байгаа хүүхдийг хараад буруу хүмүүжилтэй, хэт эрхэлсэн хүүхэд байна хэмээн буруутгах нь элбэг байдаг. гэтэл оюуны онцлогтой жишээ нь дауны синдром, аутизмтай хүүхдүүд чихрийг үнэхээр авахыг хүссэндээ биш сэтгэхүйн онцлогоосоо болж ээрэн уйлж байж ч болох юм. Иймд оюуны онцлогтой хүүхдүүдийг ойлгож, хүндэлдэг, харилцдаг нийгмийг бүтээхэд миний таны ойлголт хамгийн чухал байдаг юм шүү" хэмээн нийгэмд зөв ойлголтыг түгээхийг хүсдэгээ ярилцлагынхаа туршид илэрхийлж байсан юм.
- Сайн уу. Өөрийгөө танилцуулахгүй юу?
- Сайн байцгаана уу. Намайг Насанжаргалын Баатарзоригт гэдэг.
- Спортын ямар төрлөөр хичээллэдэг вэ? Ямар ямар амжилтууд гаргаж байв?
- Бочигийн спортоор хичээллэдэг. Бочигийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд багш болон найзтайгаа хамт ороод хүрэл медаль авч байсан.
- Хамгийн дурсамжтай тэмцээнээсээ хуваалцвал?
- Анх Улсын аварга шалгаруулах тэмцээнд орж байсан. Би найзуудтайгаа өдөр бүр Зүүмээр уулзаж ярилцдаг байсан юм л даа. Нэг өдөр уулзахдаа энэ тэмцээнд манай найз би бэлтгэл хийж байгаа тухайгаа ярьж байсан. Тухайн үед Боччи, ширээний теннис, заалны хоккейн тэмцээн болж байсан. Би хараад "Ямар гоё тэмцээн болох гэж байгаа юм бэ? Би ч гэсэн яагаад орж болохгүй гэж" гэх бодол төрж байсан.
Тэрнээс хойш долоо хоногийн дараа /2021.12.10/ тэмцээн болохоос гурван хоногийн өмнө Багш тэмцээнд орох санал тавьсан. Тэгээд л анх 63 дугаар клуб дээр очоод бэлтгэлээ хийж эхэлсэн.
Мөн "Сайн найз" төв дээр очоод нэг өдөр бэлтгэл хийгээд маргааш нь тэмцээн болсон. Анх мөсөн ордонд очиход их гоё хэр нь сэтгэл догдолсон мэдрэмж төрж байсан. Найзуудтайгаа хамт орсон болохоор их гоё дурсамжтай тэмцээн байсан. Найз маань миний хажууд суугаад хэн ч түрүүлсэн яахав хоорондоо л өрсөлдөхгүй юмсан гэж ярилцаж байсан нь хамгийн нандин мөч.
- Бочигийн спорт тоглоход ямар ур чадвар шаардлагатай байсан бэ?
- Мэдрэмж хамгийн их шаардлагатай байдаг. Анх талбай дээр гарч тоглоход их сандарч байсан л даа. Талбай дээр гарч тоглохоо хүлээхэд, бэлтгэл сургуулилт хийхэд тэвчээртэй байх шаардлагатай байдаг.
- Бочигоос өөр спортоор хичээллэдэг үү?
- Би шатрын спортоор хичээллэдэг. Гэхдээ тэмцээн уралдаанд бол орж байгаагүй сонирхогчийн түвшинд л байна.
- Анх МТОХ-той яаж танилцаж байсан бэ?
-УАШ тэмцээн дуусаад дөрөвдүгээр сард Багш маань над руу залгаад “Өвөрхангай аймгийн Даланзадгад сум руу явах уу?” гэж асуусан. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад "Сайн найз"-ын нэг тамирчинтай, Баасандорж ахтай хамт явж байсан. Тэгэхэд л анх МТОХ-той танилцаж байсан. “Боломжийг бүгдэд” төслийн хүрээнд явж байсан юм билээ.
- Хэн гэдэг багшаар дасгалжуулдаг вэ?
- "Сайн найз" клубийн Батчулуун багш. Би дөрвөн жилийн өмнө "Сайн найз" клубтэй танилцаж байсан. Тэр үеэс л анх амьдралаа өөрчлөх, урагш тэмүүлэх анхны алхмаа хийж байсан. "Сайн найз" клуб нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэх чиглэлээр маш сайн үйл ажиллагаа явуулж биднийг дэмждэг.
Анх өвөл багштайгаа уулзаад тэр зун багш над руу яриад онлайн сургалт болно би чам дээр очно гэж байсан. Тухайн үедээ багш онлайн сургалт хийх бүрдээ ирдэг болсон. Тэрнээс хойш бид хамтдаа Бага газрын чулуу, их газрын чулуу үзэх аялалд хамт явж байсан юм. Тэр үеэс л хамт хөгжиж, урагшилж ирсэн.
Манай багш маань бидэнд биеэ даах, найз нөхөрлөлийг мэдрүүлэх, гэрээ гарч хорвоо ертөнцийг таньж мэдэхэд маш их нөлөө үзүүлж, дэмжлэг үзүүлдэг.
- Спортын тэмцээн уралдаан орохын хамгийн гоё зүйл нь юу байсан бэ?
- Оролцоо нь хамгийн гоё байдаг. Түрүүлэх эсвэл ялагдахдаа биш тэмцээнд оролцож, өөрийгөө хөгжүүлж байгаа нь хамгийн чухал шүү дээ. Тэмцээнд ороод маш олон тамирчидтай танилцаж найзууд болдог. Тухайн үедээ талбай дээр гараад өрсөлдөөд, бүгд аварга болохыг хичээж байсан хэдий ч хэдхэн сарын дараа гэхэд бид бүгд найзууд болоод инээлдээд сууж байгаа нь хамгийн сайхан байдаг.
Мөн спортоор дамжуулан нийгмийн оролцоо, боломж, хүсэл тэмүүллийг олж авдаг. Ганцаараа сонгосон замаараа урагшлахад маш хэцүү байдаг. Олон саад тотгор гарч ирнэ. Спортоор хичээллэж эхлэхэд өөрийгөө голохоо больж, найзуудаасаа мөрөөдөлдөө үнэнч байхыг заалгаж, хамт суралцдаг.
- Спортоос гадна чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
- Аялах дуртай. Цагаан суварга, Дундговь аймгаас Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудаар аялж байсан. Дандаа найзуудтайгаа, багштайгаа хамт явдаг.
- Одоо хамгийн их хүсэж байгаа зүйл нь юу вэ?
- Багштайгаа хамт аялаад явж байхад урам зориг, хүсэл тэмүүлэл авч мэргэжилтэй болоё, урагш тэмүүлэе хичээе гэдэг бодол их төрдөг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн шаардлагатай зүйл нь мэргэжил, мэдлэгтэй болох байдаг. Мэргэжилтэй болъё гэхээр суурь мэдлэг байхгүй. Суурь мэдлэгийг бүтээх нь өөрөө маш урт хугацааны асуудал байдаг тул их төвөгтэй байдаг.
Гэхдээ би шантрахгүйгээр оролдоод үзэхийг хүссэн. Би одоогоор ЧД-ийн 49-р сургуулийн дунд ангид суралцаж байгаа. Насан туршийн боловсролын сургалтын төвд сурахад 10 жилийн гэрчилгээ шаардлагатай гээд 49-р сургуульд суралцаж эхэлсэн.
Манай үеийнхэн амьдралд хөлөө олоод, ажилтай, мэргэжилтэй, гэр бүлтэй болж байхад өөрийгөө хараад дөнгөж хөл тавьж байгаа гэж бодохоор их хэцүү байдаг. Гэхдээ өөртөө байнга "чамд боломж байгаа шүү" гэдгийг сануулж өөрийгөө зоригжуулдаг даа.
- Ирээдүйн зорилго чинь юу вэ?
- Хамгийн анх нэг жилийн өмнө найзуудтайгаа зүүмээр уулзаж байхад нэг найз интерьер дизайнаар сэргээн засах төвд ажилд орлоо гэж ярьж байсан. Тэгэхэд миний суръя, мэргэжилтэй болъё гэдэг хүсэл эрмэлзэл төрж эхэлсэн. 10 гаран жилийн өмнө сурах гэж хичээхэд боломж, нөхцөл байдал нь олдоогүй учир суралцаж чадаагүй. Гэнэт л сэтгэлийн гүнд байсан хүсэл эрмэлзэл маань гарч ирсэн. Маш их цаг хугацаа алдсанаа ойлгосон. Одоо эргээд харахад 10 жилийн өмнөхийг бодвол ХБИ-ийг ойлгох, хөгжүүлэх газрууд, клубүүд их бий болж болсон шүү дээ.
Мөн хөгжлийн онцлогтой, оюуны онцлогтой иргэд Хөдөлмөрийн зах зээлд энгийн иргэдтэй адил хөдөлмөрлөдөг, амьдралаа авч явдаг шүү гэдэг нийгмийн ойлголтыг олон хүнд түгээхийг зорьдог.
- Үе тэнгийнхэн болон ах эгч дүү нартаа хандаж спортоор хичээллэхийн хамгийн сайхан зүйлийг хэлээч?
- Спортоор хичээллэснээр хүний харах өнцөг их өөрчлөгддөг. Одоо хүртэл би юу хийж байсан юм бэ? Цаашид юу хийх ёстой вэ? гэдгээ харж чаддаг. Мөн өөрийгөө олох, өөрийгөө ялан дийлэх чадваруудад суралцдаг. Өрсөлдөгчөө найзаа болгох, найз маань хамгийн сайн өрсөлдөгч маань болох тохиолдол гарч ирдэг. Өрсөлдөгчид биднийг хөгжүүлж, өөрчилж байдаг.
Өөрийгөө ялах гэдэг маань муу зуршлаа хаях, өнгөрсөнд ямар хүн байснаа мэдэж, илүү залруулах, тууштай, зоригтой байх тухай ойлголт юм. Спортоор хичээллэх нь чамд ямар нэгэн зовлон, гуниг тохиолдсон ч гэсэн чи спортод хайртай л юм чинь цааш урагшлах ёстой гэдгийг үргэлж сануулж байдаг. Спортод үнэхээр дурласан учраас шантармаар байсан ч хаяж чаддаггүй. Ялагдсан ч буцаад босож цаашид хичээсээр л байдаг. Спорт бол нэгэн биений минь нөгөө хэсэг юм.
Спортоор хичээллээд нэг зүйлийг зөвхөн нэг талаас нь харахгүй байхыг сурсан. Жишээлбэл, өрсөлдөгч маань ямар хүн юм бэ? Яаж өөрчлөгдсөн байна вэ? гэх мэтээр олон талаас нь харах шаардлагатай болдог.
Спортоор хичээллэх, хүсэл тэмүүллээ дагаад ирэхээр их шантардаг. Шинэ үеийн залуучууддаа хэлэхэд шантралгүйгээр, тэвчээртэй байж хичээж амжилт үзүүлээрэй гэж хэлмээр байна.
- Н.Баатарзоригт маань их сайн зөвлөгч байхнээ. Найзууд болон гэр бүлийнхэндээ зөвлөгч байж чаддаг уу?
- Найзууддаа, гэр бүлдээ аль болох юмыг сайн талаас нь харж зөвлөгөө өгдөг. Гэхдээ тэр хүмүүс маань хэрхэн тусгаж, яаж хүлээж авдгийг нь бол сайн мэдэхгүй байна.
- МТОХ болон гэр бүл найз нөхдөдөө хандаж үг хэлнэ үү?
- Хамгийн түрүүнд ээж, аавдаа баярлалаа гэж хэлмээр байна. Нийгэмд гаръя, урагшилъя гэж хэлэхэд хамгийн их дэмжсэн хүн маань манай ээж байсан. Хамгийн их асарсан хүн маань миний дүү байсан. Хамгийн их урам зориг өгсөн хүн маань миний аав байсан. Хамгийн их урагшлах хүслийг маань багш маань өгсөн.
МТОХ-ын ажилтнууд тамирчдадаа хэлэхэд маш их баярлалаа. Та бүхний надад бүтээж өгсөн боломж, бидэнд зориулсан үйл ажиллагаа, хөтөлбөр, тэмцээнүүд, төслүүд бүхэн чинь маш том дэмжлэг болж байсан. Манлайллын чуулга уулзалт, бусад хөтөлбөрүүд бүгд оролцохоор хүний нийгмийн оролцоо юу юм бэ? ХБИ бас нийгэмд оролцож болох юм байна. Хүн болж төрчхөөд яагаад нийгэмд гарч чадаагүй юм бэ гэх гүн бодлыг төрүүлж, өөрийгөө эрэн хайх хүслийг төрүүлсэн МТОХ-ныхондоо баярлалаа.
Тамирчдадаа хандаж хэлэхэд баярлалаа гэж хэлье. Өөрөө өөрийгөө ялан дийлсэнд чинь, байнга инээмсэглэж байдагт чинь баярлалаа. Хүний өгч чадах хамгийн үнэ цэнтэй бэлэг нь инээмсэглэл байдаг. Амжилт үзүүлэх нь хамгийн гол нь биш гэдгийг ойлгуулж өгсөнд баярлалаа
Хамгийн сүүлд нь Тусгай хэрэгцээт хүмүүсийн ар гэрийнхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Тусгай хэрэгцээт, ХБИ-ийн ар гэрийнхэн хамгийн их ачааллыг үүрч, бие мах бодь сэтгэл санааны хувьд их ачааг дааж явдаг. Тэмцээн, уралдаанд оролцоход нь хамгийн сайн дэмжигч, хамгийн сайн зөвлөгч байдагт нь баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхний ачаар нийгэмд бид оролцож, өөрийгөө нээх боломжийг олж авч байгаа шүү. Цаашид баярлалаа, хайртай шүү гэж хэлж чадахгүй мөчүүд их тохиолдох байх. Бид гэр бүлийнхэн рүүгээ шууд хараад хайртай шүү гэж хэлж чаддаггүй шүүдээ. Тэр бүхний өмнөөс биднийг байнга дэмжиж тусалж байдагт баярлалаа. Та нартаа хайртай шүү гэж хэлмээр байна.
- Ярилцсанд баярлалаа