Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс БНСУ-ын Тэжон, Чонан хотын хорих ангид ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэжээ. Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Дэд консул Г.Оюун-Эрдэнэ нар хорих ангид хүмүүжиж байгаа Монгол иргэдтэй чөлөөт ярилцлага хийж, тэдний сонирхсон асуултад хариулж мэдээлэл өгсөн байна.
Тус ЭСЯ-наас БНСУ-ын цагаан сарын баярын өдрийг тохиолдуулан ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас олгосон тодорхой хэмжээний санхүүгийн тусламжийг хүмүүжигч бүрийн дансанд хуваан байршуулсан бөгөөд өнгөрсөн онд ЭСЯ-наас номын санд нь хүлээлгэж өгсөн Монголын түүх, уран зохиол, нийгэм, хувь хүний хөгжилтэй холбоотой сэдэв бүхий номнуудыг манай иргэд талархан уншиж байгаа талаар уулзалтын үеэр хөндөж байв. Мөн зарим хүмүүжигчдийн зүгээс түүх, уран зохиолын сэдвээс гадна бизнес, эдийн засагтай холбоотой ном товхимол, Монгол Улсын статистик тоон үзүүлэлт, мэдээлэл, судалгаа ирүүлэх хүсэлт тавьжээ.
Хорих ангийн зүгээс манай иргэдийн нөхцөл байдал, эрүүл мэндэд анхаарч, соён гэгээрүүлэх сургалт зохион явуулахаас гадна нийт 9 иргэнийг ажлын байраар хангаж, хорих ангийн үйлдвэрт ажиллуулж байгаа талаар мэдэгдсэн ба иргэдээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлэв.
Тэжоны хорих ангид манай улсын 1, Чонанд 10 иргэн хүмүүжиж байгаа ба хорих ангийн орчин, нөхцөл сайн, манай иргэдийн сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал хэвийн байв.
Уншиж байна |