Идэр ес эхэлж, хүйтний эрч тасхийж эхлэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд нам зогсчих юм биш биз. Цонх нь битүү цантсан, халаалт нь ажилладаггүй, хаалга нь хаагдсан бол нээгддэггүй, нээгдсэн бол хаагддаггүй автобусаар зорчигчид аргагүйн эрхэнд л үйлчлүүлж байна. Мах импекс чиглэлийн автобусанд өглөө 06.50 цагийн орчимд дараах явдал болов.
Автобус баруун кино үйлдвэр автобусны буудалд ирж зогсоход зорчигчид увж цувсаар орж ирэв. Олонх нь автобус хүлээжээ. Тэд “Яасан хүйтэн автобус вэ. Гадаа байгаагаас ялгаагүй юм биш үү” гэцгээн ам, амандаа бувтнана. Харин жолооч “Хүйтэнд хөлдөж үхэх гээд арай л гэж явж байна. Толь хаагаад юу ч харагдуулахгүй болчихлоо, хойшоо яваад өгөөч” гэж зандрав.
Ийн цаашаа явах гэтэл бидний зорчиж байсан автобусны хаалга хаагдахаа больж, тэрүүхэн хугацаанд хий хөлдөн нам зогслоо. Учир нь гадаа 30 градусын хүйтэн байсан учир хөлдчихлөө гэж автобусны жолооч амандаа бувтнан хэсэг суув. Зорчигчид яав ийв болоод хэмээн асууж эхлэхэд жолооч утсаа гаргаж ирэн ойр явж байгаа нэг чиглэлийн жолооч руу залгав. Энэ чиглэлийн дараагийн автобусыг хүлээх гэтэл мөн л замдаа хөлдсөн гэв. Ингээд юу ч хийж чадахгүй зорчиж байсан 40-50 хүн жолоочтойгоо хөлдөх дөхлөө. Жолоочтойгоо, зорчигчтойгоо хөлдөх шахам явж буй нь өвлийн бэлтгэлээ хангаагүйг л харуулж байгаа хэрэг билээ.
Нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 900 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Гэвч нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй, парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Тиймээс Засгийн газар 2023 оны төсөвт 339 тэрбум төгрөг тусгаж, нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийхээр төлөвлөсөн.
Автобусных нь паар халдаггүй, удаан хүлээлгэдэг, зарим жолооч харилцааны соёлгүй зэргээс болж, зорчигч, жолооч нарын дунд иймэрхүү маргаан гарах нь энгийн л нэгэн үзэгдэл болжээ.2023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 117 автобус Улаанбаатар хотод орж ирсэн. Эдгээрээс эхний 30 автобуснууд л энэ хүйтэнд арай хийн тэсэн явж байгаа харагдана. Бусад хуучин автобуснууд идэр хүйтний энэ өдрүүдийг дааж чадахгүй бололтой.
Ц.Наранцацрал
Уншиж байна |