Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөний зохион байгуулалтад нэгдүгээр сарын 21-нээс өөрчлөлт оруулан нэг чигийн урсгалд оруулахаар болсон талаар мэдээлэл хийлээ.
Замын хөдөлгөөний удирдлагын газрын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуун:
Замын хөдөлгөөний түгжрэл сааталтай холбоотой гаргасан захирамжийн хүрээнд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох болно. Зайсан тойруутой огтлолцож байгаа гудамж, замуудын хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлтийг 2023 оны нэгдүгээр сарын 21-ний өглөө 06:00 цагаас эхлэн хэрэгжүүлэхээр болсон.
Өөрчлөлтийг хийх болсон шалтгаан нь нийслэлийн гол төвлөрлийн бүс болох Зайсан чиглэлд зорчих хөдөлгөөн их байдгийг бууруулахад чиглэж байна. Туул голын гүүр зөвхөн нэг эгнээтэй учир замын цагдаа нар тээврийн хэрэгслүүдийг өглөө, оройд татаж ажилладаг. Түүнээс шалтгаалаад уулын замд түгжрэл саатал бий болдог.
Тиймээс нэг чигт болгосноор ХААИС-ын уулзвар огтлолцолгүй болж Зайсан тойруугаар тойрч гэрэл дохио хүлээлгүй шууд баруун эргэх боломжтой болж байгаа нь уулын замын ачаалыг бууруулна. Ингэснээр уулзварын нэвтрүүлэх чадвар 35 хувиар сайжирна гэж үзэж байгаа юм" гэв.
Мөн Дээрх гудамж замын хөдөлгөөн өөрчлөлтөд орсонтой холбогдуулаад нийслэлийн нийтийн тээврийн газрын зургаан чиглэлийн 61 автобусанд тодорхой хэмжээний өөрчлөлт орж байна. ХААИС-ийн зүүн талын автобусны буудлыг хойшоо зайсангийн гудамж буюу танктай хөшөөний баруун хойд чиглэл рүү шилжүүлэх ажил хийгдэнэ. Мөн хоёр автобусны буудал хоорондын зай нь 350 метр байгаа учраас явган зорчигч болон автобус хүлээж байгаа иргэд түүртэхгүй хэмээн онцолж байв.
Уншиж байна |