ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр томуу томуу төст өвчний нөхцөл байдал, орны ачаалал болон Сүхбаатар аймагт вакцин андуурч хийгдсэн иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөв.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа
Томуу томуу төст өвчин улсын хэмжээнд сүүлийн гурван долоо хоног тогтвортой нэмэгдэж байна. Нэгдүгээр сарын 9-ны байдлаар амбулатороор үйлчлүүлэгчдийн 13 хувь нь томуу томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байгаа юм. Ингээд улсын хэмжээнд томуу томуу төст өвчний алаг цоог дэгдэлтийн түвшин буюу улбар шар түвшинд хүрээд байна. Аймаг орон нутгаар авч үзвэл, 9 аймаг улбар шар, 10 аймаг шар, 1 аймаг ногоон түвшинд байна.
Улаанбаатарт Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Багануур дүүргүүдэд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өвчлөл нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Томуугын вирус эргэлтэд ороод гурав дах долоо хоногтоо болж байна. Одоогийн байдлаар өвчлөлийг үүсгэж давамгай Томуугийн В хүрээний вирус байна. Мөн түүнчлэн томуугийн А, H1N1 хүрээний вируснууд давамгайлан эргэлдэж томуугын дэгдэлтийн голлох шалтгаан болж байгаа юм.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр
Өчигдөр 20.00 цагийн орчимд вакцин андуурч хийгдсэн долоон иргэнийг Сүхбаатар аймгаас хүлээн авсан. Эдгээр долоон хүнд одоогоор тарилга андуурсантай холбоотой биеийн байдал, хүнд, хүндэвтэр гэж оношлох байдал ажиглаагүй байна.
Хоёр иргэнд тарьсан газраас шүүс гарах шинж тэмдэг илэрсэн. Хэсэг газрын үрэвслийн эсрэг эмчилгээ хийж байна. Энэ хүмүүст галзуугийн эсрэг вакцин хийлгэх учиртай байсан. Гэвч галзуу өвчинд өртөх эрсдэлгүй гэсэн эхний дүгнэлт гарсан учир галзуугийн вакцин хийх шаардлагагүй гэж үзсэн. Гэсэн хэдий ч үүсэж болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-д авчран ажиглаж байна" гэв.