Бразилын домогт хөлбөмбөгчин Пелегийн ээж Селесте Арантест хүү нь нас барсан талаар одоо хүртэл хэлээгүй байгаа гэнэ. Пелегийн ээж 11 дүгээр сард 100 нас хүрсэн, энх тунх амьдарч байгаа аж. Энэ талаар Пелегийн дүү Мария өгүүлснийг Mirror дамжуулжээ.
"Бид ээжтэй ярилцаж байгаа, гэхдээ юу болсныг ээж мэдэхгүй байгаа. Тэр өөрийнхөө ертөнцөд л амьдарч байгаа. Би Пелегийн нэрийг хэлээд "Бид түүний төлөө залбирах ёстой" гэж хэлэх бүрт ээж нүдээ нээгээд над руу хардаг. Гэлээ ч намайг юу ярьж байгааг ойлгоогүй л байгаа" хэмээн Пелегийн дүү Мария ярьжээ.
Эргэн сануулахад, Пеле 12 дугаар сарын 29-ний өдөр 82 настайдаа таалал төгссөн юм. Бүдүүн гэдэсний хорт хавдар даамжирсны улмаас эд эрхтэнүүд нь ажиллагаагүй болж, эмнэлэгт таалал төгссөн. Тэрээр дэлхийн гурван удаагийн аварга болсон түүхэн дэх цорын ганц хөлбөмбөгчин бөгөөд Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 92 тоглолтод оролцохдоо 77 гоол оруулжээ.
ХӨЛБӨМБӨГИЙН ДОМОГ ТЭНГЭРТ ХАЛИВ
Бүх цаг үеийн хамгийн аугаа тоглогчид тооцогддог Пеле таалал төгсжээ. Тэрээр 82 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.Английн шигшээ, "Манчестер Юнайтед"-ын ахлагч асан Бобби Чарльтон "Хөлбөмбөгийг Пелед зориулан бий болгосон" хэмээн нэгэнтээ өгүүлж байв. Үнэхээр ч спортын тайлбарлагч, хөгжөөн дэмжигчдийн хувьд Пеле хөлбөмбөгийг илэрхийлэх хамгийн тод томруун жишээ, түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч байв. Тэрээр тамирчин төдийгүй экологи, ядуусын амьдралыг сайжруулахын төлөө тэмцдэг олон нийтийн зүтгэлтэн байв. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн