БНХАУ тэг ковид бодлогоосоо татгалзаж, хорио цээрийн арга хэмжээг ээлж дараагаар цуцалсны дээр энэ сарын наймны өдрөөс хилээ нээхээр болсон юм. Энэ мэдээлэл 12 дугаар сарын сүүлээр цацагдсан өдөр л хятадуудын дунд онгоцны тийз, гадаад аяллын эрэлт огцом нэмэгдсэн. Хятадад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед эрх баригчид нь ийм шийдвэр гаргасанд олон улс, тэр дундаа Хятадын жуулчид хамгийн ихээр зорьдог орнууд ихээхэн болгоомжилж, халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэрэмжлэн хятад жуулчдыг хүлээж авах журмаа чангатгаж байв.
Энэ удаад Өмнөд Солонгос хятад жуулчдыг хүлээн авах журмаа чангатгалаа. Өмнөд Солонгос бол хятадууд хамгийн ихээр зорьдог орнуудын нэг юм. KBS телевизийн мэдээлснээр, нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн Хятадаас ирэх Өмнөд Солонгосын болон гадаадын иргэдийг хүлээж авах журмыг БНСУ-ын засгийн газар чангатгасан байна.
Шинэ журмын дагуу Хятадаас ирж буй БНСУ-ын болон бусад орны иргэд нисхээс 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу, эсвэл нисэхээс 24 цагийн дотор хийлгэсэн түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой аж. Энэ шинжилгээний хариуг нислэгт бүртгүүлэх үедээ болон Өмнөд Солонгост ирсэн хойноо нисэх буудал дээр шалгуулах ёстой юм байна.
Гадаадын иргэд Өмнөд Солонгост ирсэн хойноо дахин нэг шинжилгээ өгч, сөрөг хариу гарах хүртэл нисэх буудлын тусгаарлалтад байх аж. Харин БНСУ-ын иргэд ирснээсээ хойш 24 цагийн дотор PCR шинжилгээ өгч, шинжилгээний хариу сөрөг гарах хүртэл оршин байх хаяг дээрээ өөрийгөө тусгаарлах ёстой юм байна. Энэ арга хэмжээ хоёрдугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ гэж эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн энэ сарыг дуустал Хятадын иргэдэд богино хугацаат виз олгох ажлаа түр зогсоосон байна.
Харин дипломатууд, төрийн алба хаагчид болон Өмнөд Солонгос руу ажил хэрэг, хүмүүнлэгийн зорилгоор зорчиж байгаа хүмүүст виз хэвийн олгох аж. Мөн Хятадтай харилцах агаарын харилцааг өргөжүүлэх шийдвэрийг түр зогсоож, Хятадаас ирэх бүхий л нислэгийг гагцхүү Инчоны буудлаар хүлээн авч, энэ буудал эдэр зохих хорио цээрийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |