Хятадад коронавирусийн халдварын нөхцөл байдал нэн хүндэрч, өдөрт бүртгэгдэх нас баралтын тоо 9000-д хүрсэн гэж Их Британид байрладаг, эрүүл мэндийн мэдээлэл цуглуулдаг Airfinity компани мэдэгджээ.
Тус компанийн мэдэгдсэнээр, Хятадад коронавирусийн халдварын улмаас нас барах хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, өдөрт л 9000 хүн нас барж байгаа нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
Хятадад коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг ээлж дараалан цуцалсны дараагаас л халдварын нөхцөл байдал огцом хүндэрсэн юм. Airfinity компанийн тооцоолсноор, 12 дугаар сарын нэгнээс хойш нийтдээ 100 000 хүн ковидын улмаас нас барсан бол халдвар туссан хүний тоо 18,6 сая давсан аж. Цаашлаад, нэгдүгээр сарын 23-ны өдөр нас баралтын оргил үе тохиож, өдөрт 25 мянган хүн амиа алдана гэж компанийн судалгаанд онцолсон байна.
Г.Бямбасүрэн