Хятад улс хүн амын өсөлтийг тогтоон барих зорилгоор олон жил "нэг хүүхэд" бодлого баримталж байсан. Гэтэл энэ нь хүн амын дунд төрөлтийг бууруулж, хөдөлмөрийн насныхан багасан, ахмад настнуудын тоо давамгайлах болсон тул бодлогоо өөрчилж, гурван хүүхэд төрүүлэхийг зөвшөөрсөн бодлогыг 2021 онд нэвтрүүлж байлаа. Гэсэн ч энэ нь төрөлт нэмэгдэхэд нөлөөлөөгүй гэсэн судалгаа гарчээ.
Тухайлбал, 15 сая хүн амьдардаг Гуанжоу хотод хийсэн судалгаагаар оролцогчдын ердөө есөн хувь нь л гурав болон түүнээс олон хүүхэдтэй болохыг хүсдэг хэмээн хариулсан байна. Харин оролцогчдын 80 гаруй хувь нь нэг эсвэл хоёр хүүхэд л төрүүлэх төлөвлөгөөтэй гэж хариулжээ. Гурван хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаагийн гол шалтгаанууд дунд мөнгөн зардал, цаг хугацаа хүрэлцэхгүй, ажлын стресс зэргийг нэрлэсэн байна.
Мөн ийм дүр зураг Бээжин хотод ажиглагджээ. Энд 18-50 насны оролцогчдын ердөө 4,2 хувь нь гурван хүүхэд өсгөж чадна гэж хариулсан бол оролцогчдын 80 гаруй хувь нь нэгээс олон хүүхэдтэй болохгүй хэмээн хариулсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |