Дэлхийн өнцөг булан бүрт шинэ жилийн баярт зориулан төрөл бүрийн гацуур босгосоор байна. Уламжлалт сүлд модноос гадна байгаль экологийн асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд хуванцар хаягдлаар хийсэн гацуур, эрчим хүч хэмнэх зорилгоор нарны зайн хураагуураас бүтсэн гэрлэн чимэглэл зэргийг босгож байсан бол Португалид нэхмэл эдлэлээр гацуур босгожээ.
МИР24 телевизийн мэдээлснээр Португалийн Лореш хотод 16,5 метр өндөр гацуурыг нэхмэлийн аргаар босгосон байна. Нэхмэл гацуур бүтээх төсөл анх цар тахлын үед өндөр настнуудыг олон нийтийн арга хэмжээнд татан оролцуулах зорилготой байсан ч яваандаа хүрээгээ тэлжээ. Ингээд 11-88 насны 70 хүн гацуур бүтээх ажилд оролцсон байна.
Цар тахлын үед хөл хорионд байхдаа цагаа зугаатай өнгөрүүлэх гэж нэхмэл эдлэл хийдэг байсан гар урлаачид одоо ийнхүү дэлхийд хамгийн том нэхмэл гацуур бүтээснээ Гиннесийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Үүнээс өмнө, хамгийн өндөр нэхмэл гацуурыг Эквадорт бүтээж байв. Эквадорын нэхмэл гацуурын өндөр 16 метр орчим байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |