Хойд Македонийн дөрвөн хотод агаарын бохирдол эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор эрх баригчид онц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 11:00-17:00 цагийн хооронд спортын арга хэмжээ зохион байгуулах, барилгын ажил явуулахыг хоригложээ. Мөн агаарын бохирдол ноцтой төвшинд хүрсэн тул жирэмсэн эмэгтэйчүүд болон 60-аас дээш насны ажилтнуудыг ажлаас чөлөөлөхийг ажил олгогчдод зөвлөж, төрийн алба хаагчдийг албаны тээврээр үйлчлүүлж, хувийн машинаас татгалзахыг сануулсан байна.
Энэ улсад РМ 2,5 -ын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс 28 дахин их байгаа гэнэ. Томоохон хотуудыг утаа бүрхэж, таагүй үнэр үнэртэж, хүмүүс ханиад томуу тусах нь их байгаа тул ийнхүү хязгаарлалтын арга хэмжээ авч эхэлжээ.
Энд дуулгахад, 12 дугаар сарын 27-ны өдөр Македонид агаар дахь РМ 2,5-ны хэмжээ 108-142 хавьцаа хэлбэлзэж байгаа бол манай улсын нийслэл Улаанбаатар хотын Толгойт орчимд энэ үзүүлэлт 200-г давжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |