Дэлхий даяарх католикууд 12 дугаар сарын 25-ны өдөр Христийн мэндэлсэн өдөр буюу Зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэ өдөр дэлхийн нөлөө бүхий зүтгэлтнүүд Орос, Украины дайныг зогсоохыг уриалсан байна.
Тэдний нэг болох Ромын пап Франциск Зул сарын баярын өдөр мэдэгдэл хийхдээ Украин дахь дайныг зогсоож, сөргөлдөөн, эдийн засгийн хямрал зэргээс болж хичнээн хүн зовж шаналж байгааг сануулжээ. Зул сарын баярыгт тохиолдуулан үг хэлэхдээ тэрбээр сөргөлдөөнд өртсөн Африкийн орнууд, Сири, Мьянмар, Гаити, Ираныг онцолсон байна. Түүнчлэн Украины сэдвийг ч хөнджээ.
"Манай украин ахан дүүс энэ Зул сарыг харанхуй, хүйтэн нөхцөлд, дайны 10 сарын дүнд сүйрсэн гэр орноосоо хол өнгөрүүлж байна" хэмээн Ромын пап өгүүлсэн байна.
Зул сарын өмнөх шөнө ч мэдэгдэл хийхдээ тэрбээр дайны асуудлыг хөнджээ. Ромын пап дэлхийн улс орнуудын тэргүүнүүдэд хандаж цус асгаруулахыг зогсоохыг уриалан, Украинд энх амгалан тогтохын төлөө залбирахыг удаа дараа уриалж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |