2022 оны Хэнтий аймгийн “оны онцлох хүүхэд”-ээр Батноров сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3в ангийн сурагч П.Ангараг тодорчээ.
Тэрбээр яг жилийн өмнө цахим орчинд морь унаж, нум сум харвасан бяцхан охины зураг олон нийтийн анхаарлыг татаад байсан. Мөн тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмын морьт жагсаалд оролцож "Наадмын шигтгээ" болсон чадварлаг нэгэн билээ. Олон хүний хайрыг татсан түүний хувьд том болоод нум сум харвадаг хүн болоод хүүхдүүдэд зааж өгөх хүсэлтэй. Мөн загвар өмсөгч, тогооч, зураач зэрэг олон зүйлсийг хүсэж мөрөөддөг түүнтэй хэсэг хором ярилцсан юм.
- Сайн уу, уншигчдадаа өөрийгөө танилцуулаарай?
- Сайн байна уу. Намайг Пүрэвжавын Ангараг гэдэг. Би Хэнтий аймгийн Батноров суманд амьдардаг.
- Чи хэзээнээс морь унаж сурсан бэ?
- Би долоон настайгаасаа эхлээд морь унаж сурсан. Эхлээд нум сум харваж сураад, дараа нь морьтой харвадаг болсон. Манай ах клубийнхээ хүүхдүүдтэй хашаанд маань бэлтгэл хийдэг байсан юм. Тэгээд би бэлтгэл хийж байгааг нь хараад нэг удаа ахаасаа зөвшөөрөл аваад нум сумыг оролдож үзэж байсан.
- Баяр наадмын нээлтийн ёслолд орсон шүү дээ, тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
- Миний хувьд их гоё байсан. Надаас гадна манай гэрийнхэн их баярласан л даа. Морьтой нум сум харвана гэхээр их догдолсон. Тэр үед хүмүүс намайг магтаж мундаг сайн харваач болоорой гэж захиж байсан.
- Эмэгтэй хүүхэд морь унаад, нум сум харвах их тэсвэр тэвчээр бас зориг харагдаж байна. Нум сум харвахад ямар чадвартай байх ёстой юм бэ?
- Ахынхаа зааж зөвлөсний дагуу явдаг болохоор тийм ч хэцүү биш санагддаг. Морьтой харвахдаа хамгийн чухал зүйл нь тэнцвэрээ олох байдаг. Нум сум харвахад эрхий хуруу жоохон өвддөг. Тэр үедээ жоохон амраад л гайгүй болчихдог. Байнга бэлтгэлтэй байвал хүндрэлтэй зүйл тохиолддоггүй.
Төв азийн нүүдэлчдээс үүсэлтэй гэгддэг морьт харваа нь хүрлийн үеийн хадны сүг зурагт дүрслэгдэж, улмаар дундаж зууны байлдан дагууллын үед цэрэг дайчин бзрийн гарамгай чаддаг эрдмийн нэг байсан юм. Харин цаг хугацааны явцад энэхүү морьт харваагаар хичээллэх хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж, 1980-аад он гэхэд циркийн үзүүлбэр хэлбэрээр энэхүү уламжлалыг арав хүрэхгүй хүн л тээж байжээ. Харин 1990-ээд оноос эхлэн Японы морьт харваа болон түүний түүх уламжлалыг танилцуулснаар Монголд дахин морин дээрээс харвах уламжлал илүү спортын шинжтэйгаар хөгжих боломжтой болсон байдаг.
- Морин дээрээс нум сум харвах, харваад онох тэр мэдрэмж их гоё уу, ямар байдаг бол?
- Морьт харвааныхаа дээлийг өмсөөд, нум саадгаа зүүгээд мориндоо мордоход их гоё байдаг. Монгол хүн болсноороо бахархах омогшсон мэдрэмж авдаг.
- Чиний хувьд морьт харвааг Монголд яаж хөгжөөсэй гэж хүсэж байна вэ?
- Ах минь Монголдоо морин циркийг хөгжүүлэхийг хүсдэг. Би ч мөн адил морьт харвааг хөгжиж илүү олон хүүхэд хичээллээсэй гэж хүсдэг. Тэгвэл монгол соёл дэлхийд улам их танигдаж чадна шүү дээ.
- Гэр бүл ойр дотнынхон болон уншигч хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
- Намайг байнга дэмжиж тусалдаг гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүстээ маш их баярлалаа. Миний ярилцлагыг уншиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, морьт харваа гэдэг бол манай Монголын өв уламжлал. Мөн хамтдаа морьт харвааг дэлгэрүүлж, хөгжүүлж, дэлхийд гарцгаая гэж уриалмаар байна. Тү бүхэнд шинэ оны мэнд хүргэе.
- Ярилцсанд баярлалаа. Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мундаг хүн болохыг хүсье.
Уншиж байна |