Саяхан, эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахыг хориглож байсан талибууд энэ удаад төрийн бус байгууллагуудад ажилладаг эмэгтэйчүүдийг ажилдаа явахыг хоригложээ. Талибууд эмэгтэй оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байх шийдвэр гаргаснаа оюутнууд хижаб өмсөхгүй байгаагаас болсон хэмээн тайлбарлаж байв. Энэ удаад ч мөн л нүүрээ хаасан өмсгөл өмсөөгүй гэдэг шалтгаанаар эмэгтэйчүүдийг ажилдаа явахыг хоригложээ.
Афганистанд үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн бус байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг ажилдаа явахыг хориглосон гэж Ройтерс агентлаг мэдээлсэн бол Ассошейтед пресс агентлагийн мэдээлэлд төрийн бус байгууллагуудыг цаашид эмэгтэйчүүдийг ажилд авахыг хориглосон гэж онцолсон байна. Ийнхүү эмэгтэйчүүдийг ажилдаа явахыг хориглосон нь төрийн бус байгууллагуудын зарим ажилтан мусульманчуудын хувцаслах дэг жаягийг зөрчсөнтэй холбоотой гэж талибууд тайлбарлажээ. Талибууд төрийн эрхэнд гарснаасаа хойш эмэгтэйчүүдийн эрхийг ихээхэн боомилж байгаагийн дээр эмэгтэйчүүдийг нүүр, биеэ бүрэн хаасан хижаб өмсөхийг шаардаж байгаа юм.
Талибан хөдөлгөөн эмэгтэйчүүдийн эрхийг боомилох дахин нэг хориг тавьсанд "ихээхэн санаа зовниж байгаа"-аа НҮБ илэрхийлээд, талибуудын шийдвэрийг шүүмжилсэн байна.
"Эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хасах, өөрсдийн хувь тавилангаа шийдэх хүсэл зоригийг боомилж, тэдний эрхийг хасан, нийгмийн болон улс төрийн амьралаас эмэгтэйчүүдийг шахан гаргаж байгаа нь Афганистаны хөгжлийг ухрааж, энх тайван, тогтвортой байдалд хүргэх хүчин чармайлтыг үнэгүйдүүлнэ гэдгийг Афганистан дахь НҮБ болон түүний түншүүд энэ улсын эрх баригчдад анхааруулж байна" хэмээн НҮБ-ын мэдэгдэлд өгүүлжээ.
Эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахыг хориглосон шийдвэр гаргаснаас хэдхэн хоногийн дараа ийнхүү эмэгтэйчүүдтэй холбоотой шинэ хориг үйлчилж эхэллээ. Улмаар 12 дугаар сарын 24-ний өдөр афганистаны баруун зүгт байх Герат хотшод цөөн эмэгтэй их дээд сургуульд суралцахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцэн жагсаж, харин хүчний байгууллагууд тэдний эсрэг усан буу ашиглан тараасан байна.
Эргэн сануулахад, 2021 оны наймдугаар сарын 15-ны өдөр Кабул хотыг эзлэн авснаар Афганистанд хяналтаа тогтоосон Талибан хөдөлгөөн энэ удаад харьцангуй шинэлэг бодлого баримтална гэж амлаж байсан ч энэ амлалтаасаа зөрж, эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах болсон юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийг гэрээс гарахдаа толгойноос хөл хүртэл биеийг нь бүтэн хаасан хижаб өмсөхийг шаардаж, олон салбарт эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглосон. Түүнчлэн дунд болон ахлах ангид охидыг суралцахыг хориглосон юм.
Талибууд 1996-2001 оны хооронд Афганистаны төрийн эрхийг барьж байхдаа энэ улсыг исламын эмират хэмээн зарласан бөгөөд шариатын хуулийг мөрдөж байлаа. Хорин жилийн дараа Афганистаны төрийн эрхэнд дахин гарахдаа харьцангуй шинэлэг бодлого баримтална хэмээж байсан ч мөн л урьдын адил шариатын хуулийг баримтлах болсон юм. Шариатын хуульд эмэгтэйчүүдийн эрхийг хангасан зүйл заалт гэж үгүй. Энэ хуулиар наймаас дээш насны охид сургуульд суралцаж болохгүй, тэд гагцхүү Коран судрыг л судлах ёстой аж. Талибууд төрийн эрхэнд гарсныхаа дараа эмэгтэйчүүдийг гэрээсээ ганцаараа гарахыг хориглож, гагцхүү нөхөр эсвэл төрөл садны эрэгтэй хүний хамт л гадагш гарахыг хориглосон. Түүнчлэн Кабулын оршин суугч эмэгтэйчүүд олон нийтийн газраар үйлчлүүлэх эрхгүй болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |