Их Британид ажил хаялтын улмаас олон салбар хүндхэн нөхцөл байдалд оржээ. Эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй инфляцийн улмаас амьдрахад хүнд болсныг эсэргүүцсэн салбар бүрийн төлөөллүүд ажил хаялтад нэгдэн жагссаар байгаа юм.
Сүүлийн үеийн мэдээллээр, зул сарын баяр ойртож байгаа энэ өдрүүдэд төмөр замчид ажил хаясны улмаас тээврийн сүлжээ доголдож эхэлжээ. CNN агентлагийн мэдээлснээр, цалин нэмэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардсан эсэргүүцлийн арга хэмжээнд шуудангийн ажилтнууд, автобусны жолооч нар, төрийн алба хаагчид ч нэгдсэн байна. Түүнчлэн энэ сарын дундуур сувилагч болон эмнэлгийн ажилтнууд анх удаа өргөн цар хүрээтэй ажил хаялтад нэгдэж байлаа.
Үүний зэрэгцээ, 12 дугаар сарын 23-ны баасан гарагт хилчид ажил хаялтад нэгдэхээр болсон байна. Тэд энэ сарын 27-ны өдрийг хүртэл ажил хаях бөгөөд баярын өдрүүдэд хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр жирийн өдрүүдтэй харьцуулахад зорчигчдын 60 орчим хувийг л нэвтрүүлэх боломжтой байх тул 500 мянга орчим хүн гадаад орныг зорих, улс руугаа эргэн нэвтрэхэд хүндрэл учирна гэж шинжээчид тооцоолжээ.
Олон салбар ажил хаялтад нэгдсэн тул эрх баригчид иргэддээ хандан гагцхүү ноцтой тохиолдолд түргэн тусламж дуудах, баяр тэмдэглэсний улмаас эмнэлэгт хандахгүйн тулд согтууруулах ундааг тохируулан хэрэглэхийг уриалсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |