ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Эдит Пиафын 107 насны төрсөн өдөрт: Тэр юунд ч харамсаагүй
2022-12-24

Өдгөөгөөс 107 жилийн тэртээх 12 дугаар сарын 19-ний өдөр домогт Эдит Пиаф мэндэлжээ. 

Түүний ээж кабарегийн дуучин байсан бөгөөд охиноо төрснөөс хоёр жилийн дараа нөхрөөсөө салж, ээж аавдаа охиноо асруулах үлдээн явжээ. Гэвч Эдит Жованна Гассьон /эцэг эхээс өгсөн нэр/ -ы эмээд хүүхэд харах хүч, хүсэл аль нь ч байсангүй. Охин өлссөндөө уйлахад шилэнд сүүний оронд дарс хийгээд өгчих нь ч энүүхэнд байв. Энэ талаар мэдсэн эцэг нь охиноо өөрийн ээж дээр аваачжээ. 

 

Эдит гурван настай байхдаа бараг л хараагүй болсон гэдэг. Шүтлэгтэй эмээ нь түүнийг Гэгээн Терезагийн шарил дээр аваачин, улмаар долоо хоногийн дараа нүд нь эдгэсэн аж. Тэр үеэс хойш Эдит насан туршдаа Терезагийн дүрс бүхий хүзүүний зүүлт зүүж, аялан тоглолтоор завгүй явсан ч сүмд очиж мөргөдөг болжээ. 

 

Эдит есөн настайгаасаа дуулж эхлэжээ. Армиас эргэн ирсэн аав нь гудамжны циркчидтэй хамт аялахдаа охиноо авч явж. Ингээд 15 настайдаа охин Симона Берто гэх найзынхаа хамт дуулдаг болжээ. Харин 17 настайдаа Луи гэх худалдаачинд ухаангүй дурлав. Тэд хамтдаа Парисын Монмартрд суурьшин, 17 настай Эдит бүсгүй  Марсель нэртэй охин төрүүлжээ. Харамсалтай нь түүний охин хоёрхон настайдаа менингитээр нас барав. Улмаар Эдит хайртай залуу Луигаасаа салж, дахин хүүхэд төрүүлээгүй гэдэг.

Дэлхий даяар Эдитийн алдар түгэх эхлэлийг Парисын нэгэн кабарегийн эзэн Луи Лепле тавьсан юм. Чухамхүү түүний хичээл зүтгэлээр Эдит Пиаф анхны гайхам амжилтандаа хүрчээ. Тодруулбал, 1936 онд Эдит Пиаф анхны цомгоо бичүүлжээ. Гэвч удалгүй Луи орондоо хөнөөгдсөн байхыг олов. Хэн нэгэн нь цагдаагийнханд энэ хэргийг Эдит Пиаф үйлдсэн гэж мэдүүлсэн ч мөрдөгчид Пиафийг буруутгах хангалттай нотолгоо олж чадаагүй гэдэг. 

 

Дэлхийн II дайн эхлэх хүртэл Эди Пиаф хамгийн алдартай мюзик-холлуудад үзэгчдийг бишрүүлэн, радиогоор дуулж, театрт тоглон, хайрлаж дурлан, амрагуудаа эцэс төгсгөлгүй сольж байв. Германчууд Парисыг эзлэсний дараа ч тэр дуулсаар л байв. Харин 1943 онд Францын бусад уран бүтээлчидтэй хамт Францын урлагийг танилцуулахаар Берлинийг зорилоо.  Энэ бүгд нь эзлэн түрэмгийлэгчдээс нуугдсан еврейчүүд болон нутаг нэгт олзны цэргүүдэд туслахад нь саад болсонгүй. Хуаранд авахуулсан “дурсгалын зураг”-ийг дараа нь хүмүүсийг зугтахад туслах баримт бичигт наах зураг болгон ашигласан гэсэн яриа бий. 

 

Эдит Пиафийн өгөөмөр сэтгэлийн ачаар тухайн үеийн олон залуус уран бүтээлийн алдарт хүрэх замдаа томоохон алхам хийсэн гэлцдэг. Тэдний дунд Монтан, Шарль Азнавур нар ч багтана. Гэхдээ Эдит алдарт боксчин Мишель Серданд дурласан шиг өөр хэнд ч дурлаж байгаагүй гэдэг. Серданд сэтгэлээ өгснийхөө дараа “Hymne à l'amour” буюу “Хайрын сүлд дуу”-гаа дуулсан нь энэ дууг мөнхжүүлсэн юм. 1949 оны 10 дугаар сард 33 настай Сердан Нью-Йорк хот руу нисэв. Энэ хотод Эдит Пиаф аялан тоглолтоо хийж байсан юм. Гэвч Пиафийн хайртай залуугийн сууж явсан онгоц Атлантын тэнгис дээгүүр нисэх үеэрээ осолджээ. Уй гашууд автсан дуучин бүсгүй морфин хэрэглэж эхлэв. 

 

1951 онд дуучин бүсгүй өөрийнх нь хамтран зүтгэгч, нарийн бичгийн дарга, жолооч нь байсан Шарль Азнавуртой хамт явж байгаад автын осолд оржээ. Олон тооны гэмтлээс үүдсэн өвдөлтийг намдаахын тулд түүнд морфин бичиж өгөв. Ингээд жилийн дараагаас Эдит хар тамхины хамаарлаа эмчлүүлэх болжээ. 1955 онд хор тайлах олон эмчилгээ хийсний дараа Эдит Пиаф хэсэг хугацаанд морфины хамаарлаасаа салсан ч судасны хатуурал, согтууруулах ундаанд татагдах хүсэл, хэдэнтээ дурлаж, хүнтэй гэрлэсэн ч Серданыг мартаж үл чадах сэтгэлийн зовнил нь хэвээр үлдсэн юм. Бие сэтгэл нь зовиуртай ч алдар хүнд нь дэлхий даяар цуурайтаж байв. 

 

Эдит Пиаф 1963 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 47 насандаа таалал төгсчээ. Түүний бие өвчин, бүхий л амьдралынхаа туршид үүрсэн зовлон шаналлыг даасангүй. Пиафийг таалал төгссөнийг сонссон түүний найз зураач, зохиолч, найруулагч Жан Кокто “Сэтгэл зүрхээ гамнаагүй явсан түүнээс өөр хүнийг би мэдэхгүй” хэмээн өгүүлж байв. 

 

Түүний оршуулганд Францын өнцөг булан бүрээс хүмүүс ирж, салах ёс гүйцэтгэв. Дэлхий тэр чигээрээ гашуудаж байлаа. "Пиафтай хамт Францын бүхэл бүтэн шансоны эрин дууслаа" хэмээн хэвлэлээр бичиж байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин