Шотландын парламент 16 наснаас эхлээд хүйсээ солиулахыг зөвшөөрөх, хүйсээ сольсон талаарх баримт бичиг авах ажлыг нь хөнгөвчилсөн хууль баталжээ. Өмнө нь ихээхэн маргаан дагуулж байсан энэ хуулийн төслийг пүрэв гарагт хэлэлцэн, 89 гишүүн дэмжиж, 39 нь татгалзсан санал өгчээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, Шотландад ийм хууль батлагдсанаар, хүйсээ солиулахыг зөвшөөрсөн нас хүрэхээс хоёр жилийн өмнө ийм шийдвэр гаргахыг хуулиар зөвшөөрсөн, Нэгдсэн Хант Улсын анхны бүрэлдэхүүн улс болж байна. Их Британи даяар аливаа иргэн хүйсээ солиулахын тулд эмнэлгийн дүгнэлт авах шаардлагатай байдаг бол Шотландад батлагдсан хуулийн дагуу хүйсээ солих хүсэлтэй өсвөр насныхан ийм дүгнэлт авах шаардлагагүй болж байгаа аж.
Харин Британийн Засгийн газар энэ хуульд ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Лондон аливаа хуулийг Нэгдсэн хант улс даяар сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэн бол бүрэлдэхүүн улсад нь гаргасан хуульд хориг тавих эрхтэй байдаг юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |