Афганистаны төрийн эрхийг гартаа авсан талибууд эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахыг хориглож, улмаар эмэгтэй оюутнуудыг сургууль руу нь оруулахгүйн тулд зэвсэгт эргүүл гаргаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Афганистанд эмэгтэй оюутнуудыг сургууль руу оруулахгүйн тулд зэвсэгт эргүүлүүд ажиллаж байна
Талибууд эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахыг хориглосон шийдвэр гаргасан талаараа тайлбарлажээ. Афганистаны эмэгтэй оюутнууд хижаб өмсөхгүй байх нь элбэг байсан нь тэднийг суралцахыг хориглох шийдвэр гаргах шалтгаануудын нэг байсан гэж Афганистаны Дээд боловсролын сайд Нада Мухаммед Надим мэдэгджээ.
Тэрбээр нийт дөрвөн шалтгааныг нэрлэсэн талаар ВВС мэдээлсэн байна. Сайдын өгүүлснээр, бүсгүйчүүд их дээд сургуулийн дотуур байранд болон сургуульд ирэхдээ эрэгтэйчүүдийг дагуулан яваагүй нь өөр нэг шалтгаан гэнэ. Түүнчлэн эрчүүд болон эмэгтэйчүүд хамтдаа суралцаж байсан нь "исламын ёсыг зөрчсөн" хэмээн сайд өгүүлжээ.
Талибан хөдөлгөөн 2021 оны наймдугаар сарын дундуур Афганистаны төрийн эрхэнд гарснаасаа хойш эмэгтэйчүүдийн эрхийг боомилсоор ирсэн юм. Талибууд өнгөрсөн жил охидын сургуулийг хааж байсан бол энэ оны 12 дугаар сарын 20-ны өдөр эмэгтэйчүүдийг их дээд сургуульд суралцахыг хориглосон. Ийнхүү эмэгтэйчүүдийг суралцахыг хориглосон нь олон улсын эрхзүйг зөрчиж байгаа хэрэг хэмээн НҮБ үзсэн бол АНУ, Катар улс талибуудыг энэ шийдвэрээ эргэн харахыг шаардаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |