Монголын хуульд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулсны дараа Монголын зах зээлд дизель түлш болон агаарын хөлгийн түлш нийлүүлэх цорын ганц нийлүүлэгч нь ОХУ-ын "Роснефть" -ийн охин компани болох боломжтой гэнэ. Ийм мэдэгдлийг Орос, Монголын засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга Виктория Абрамченко НТВ телевизийн "Поздняков" хөтөлбөрт оролцон ярилцлага өгөх үеэрээ хийжээ.
"Засгийн газар хоорондын хурал болсны дараа бидэнд эерэг мэдээлэл энэ намар ирсэн. Монголын Улсын их хурлын гаргасан хууль нь манай операторууд, тэр дундаа "Роснефть"-ийн охин компани Монголын зах зээлд дизель түлш, агаарын хөлгийн түлш нийлүүлэх цорын ганц нийлүүлэгч болох боломжийг олгож байна" хэмээн Виктория Абрамченко мэдэгджээ.
Энэ хуулийг батласнаар Монгол дахь газрын тосны бүтээгдэхүүний үнэ 30 гаруй хувиар буурах боломжтой тул Монголын тал энэ хуулийг ихээхэн дэмжиж байгааг ОХУ-ын дэд сайд онцолсон байна. Харин энэ нь Оросын хувьд улс оронд нь чухал бусад зорилтуудаа шийдэхэд найдвартай түнштэй болж байгаа хэрэг гэж Виктория Абрамченко цохон тэмдэглэжээ.
Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хурал 11 дүгээр сарын 15-ны өдөр Москва хотноо болсон. Энэ хурлын дүнгээр Абрамченко мэдэгдэл хийхдээ Монголын эрх баригчид хүйт орохоос өмнө дизель түлш нэмэлтээр нийлүүлэх хүсэлтийг Оросын талд тавьсан хэмээж байв.
Орос ийм хэмжээний түлш нийлүүлж болно, гэхдээ үүний тулд Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой гэж Виктория Абрамченко мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн