Оросын улс төрийн хүрээллийн дундаас эрх баригчдыг шүүмжилж, Путинийг огцруулахыг шаардаж байснаараа ихээхэн дуулиан тарьж байсан Петербургийн орон нутгийн депутат Никита Юферев энэ удаад Путиний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргажээ.
Медуза хэвлэлийн мэдээлснээр, Петербургийн "Смольнинское" зөвлөлийн депутат Никита Юферев Оросын армийн тухай "худал мэдээлэл" тараасан гэсэн заалтаар Владимир Путиний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагыг Ерөнхий прокурорын газар болон Дотоод хэргийн яаманд гаргасан байна.
Путин 12 дугаар сарын 21-ний өдөр Кремлийн танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэрээ "дайн" гэсэн үг хэлснийг шалгах ёстой гэж Юферев үзэж байгаа аж.
"Бид энэ дайныг дуусгах зорилготой, үүний тулд тэмүүлж байна, тэмүүлсээр ч байх болно" гэж Путин сэтгүүлчдийн өмнө мэдэгдсэн юм. "Ийм үг хэлснийхээ төлөө олон мянган хүн шийтгүүлсэн" гэж Юферев мэдэгджээ.
Орос Украины сөргөлдөөн эхэлсний дараа л "энх тайван"-ыг уриалсан, "дайн" эсэргүүцсэн олон нийтийг саатуулж, "Оросын армийн нэр хүндийг унагасан" хэргээр захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэн шийтгэсээр байгаа юм. Орост өнөөгийн дайныг "цэргийн тусгай ажиллагаа" гэж тодорхойлсоор байгаа бөгөөд "дайн" гэж нэрлэсэн тохиолдолд хуулийн хариуцлага тооцож байгаа. Харин Путин өөрөө ийнхүү "дайн" гэж нэрлэсэн тул түүний эсрэг хэрэг үүсгэх ёстой гэж Петербургийн депутат үзжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |