Боловсрол шинжлэх ухааны яамны баталсан хуваарийн дагуу нэгдүгээр улирлын өвлийн амралт энэ сарын 19-өөс эхэлсэн. Амралт ирэх оны нэгдүгээр сарын 27-нд дуусах юм. Өвлийн амралт эхэлж хүүхэд багачууд гэртээ сууж хий дэмий цагыг өнгөрөөх нь элбэг. Тиймээс амралтын өдрийг өөрт ашигтай байдлаар өнгөрүүлж болох хэд хэдэн санааг танилцуулъя.
1. Бужо буюу төлөвлөгч дэвтэр хөтөлж сурах
Амьдралаа илүү цэгцтэй, зохион байгуулалттай төлөвлөхөд туслах олон хэв маяг бий. Тэдгээрийн дундаас хамгийн нийтлэг сонголт нь Bujo (Bullet Journal) юм.
Bujo хөтөлж сурснаар: Маш олон хийх ёстой зүйлс давхцаад яг алинаас нь эхлэхээ мэдэхгүй үе хүн бүхэнд тохиолддог шүү дээ. Тэр үед ажлуудаа даруйхан шиг жагсааж бичээд алийг нь эхэлж амжуулахаа шийдэхгүй бол бүгдэд нь санаа зовж суусаар байгаад нэг л мэдэхэд юу ч амжуулаагүй үлдэх магадлалтай. Иймээс бужо хөтлөх юм бол хийх ажлуудаа нарийн төлөвлөж сурахын хажуугаар өөртэйгөө илүү тулж ажиллана. Хамгийн чухал нь бүх зүйлийг эмх цэгцтэй, дэс дараатайгаар сэтгэх чадварт суралцдаг. Мөн орой болгон шүдээ угаах, өглөө хичээлдээ явхаас өмнө өглөөний цайгаа тогтмол уудаг болох зэргээр амтдарлын зөв хэвшлийг ч мөн өөрт суулгаж өгөх юм. Энэ нь магадгүй эхэндээ мартагдах эсвэл хүндрэлтэй санагдаж магадгүй. Гэхдээ тогтмол төлөвлөгч дэвтрийн дагуу өдөр хийх зүйлсүүдээ хийвэл таны ирээдүйд маш том өөрслөлч авчрах зүйл шүү.
2. Буддаг номоор оюун ухаанаа сэргээх
Буддаг ном сүүлийн үед их алдартай болж байгаа ч гэсэн түүнийг эмчилгээний зориулалтаар сүүлийн 100 жилд ашиглаж байгаа юм. Буддаг ном нь гэр бүлийн халуун дулаан мэдрэмжийг бий болгодог. Ном будах нь гарын эв дүй болон харааг сайжруулдаг. Будахад тархины хоёр тал хоёулаа ажиллаж байдаг учраас гарын эв дүй сайжирч хараа сайжирдаг байна. Будах тусам гарын эв дүй сайжирч, улам сайн буддаг болдог. Буддаг ном нь таньд өөрийнхөөрөө байх боломжийг олгодог. Бусад хүмүүс юу гэж бодсон ч та л өөрийнхөө сэтгэмжээрээ номоо будна. Ингэснээрээ хүнийг задгай сэтгэх боломжийг бүрдүүлж бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Хүн бүр өөр өөрөөр будах боломжтой учраас өөрийн гэсэн бүтээл болж гарч байдаг. Бас хүн өөрөө сайхан бүтээл гаргаад түүнээсээ аз жаргалыг мэдрэхэд тусладаг байна. Иймд цахим ертөнцөөс холдож гэр бүлийн гишүүдийн хамтаар буддаг номыг туршиж үзэн мартагдашгүй дурсамжийг бий болгоорой.
3. Агаар салхинд гарч, цанын бааз орох
Амралтын өдрүүдийг зөвхөн гэртээ өнгөрүүлээд байх нь хэтэрхий уйтгартай юм. Долоо хоногтоо нэг удаа агаар салхинд гарч нэгэн өдрийг өнгөрүүлэхийг зөвлөж байна. Ингэхдээ цанын баазад очиж цана чаргаар гулгах боломжтой юм. Уулын цанаар гулгах нь өвлийн улиралд гэр бүл, найз нөхдийн хамт байгалийн сайханд цагийг өнгөрөөн хөгжилдөхийн зэрэгцээ эрүүл мэнддээ анхаарахад хамгийн тохиромжтой. ийм ч учраас дэлхий даяар хамгийн түгээмэл тархсан, үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг өвлийн олимпийн төрлийн спортуудын нэг билээ. Мөн чаргаар гулган хөгжилдөх нь хүүхэд бүрийн хувьд өвлийн улирлын хамгийн дурсамжтай хэсэг нь байдаг.
4. Сонирхолтой байдлаар ном унших
Ном нь хүнд хэрэгцээт мэдээллийг өгч эргэцүүлэн бодох, анхаарал төвлөрөх, уншаад ойлгох зэрэг арга ухаанд сургагч хэрэгсэл болдгоороо зурагт, компьютероос давуу талтай. Оюун ухаанаа эрүүл саруул байлгах хамгийн шилдэг арга бол тогтмол ном унших юм. Мөн ном уншихад үгийн баялаг нэмэгдэж, оюуны цар хүрээ нэмэгддэг. Номыг сонирхолтой унших хэд хэдэн арга байдаг. Жишээ нь: номын тэмдэглэл хөтлөх, унших хугацаа тогтоох, унших номоо ангилах, үргэлж биедээ ном авч явах зэргээр номыг уншиж болно. Анх олон хуудастай ном уншиж буй хүүхдүүдэд нойр нь хүрэх эсвэл буруу номын сонголтоос болж уйтгартай санагдах зэргээр дундаас нь хаях тохиолдол их байдаг. Тиймээс аль болох сонирхолтой өөрт таарсан номыг сонгон уншаарай. Мөн цаасан номоос гадна подкаст, аудио номыг сонсохыг зөвлөж байна. Үүнд: www.openculture.com , http://www.loyalbooks.com/ , librivox.org зэрэг үнэгүй сонсох боломжтой сайтууд цахим орчинд байдаг билээ.
5. Сонирхолтой дугуйлан, сургалтад хамрагдах
Сурагчид амралтын өдрүүдийг өөрт ачаалалгүй зөв өнгөрөөхийн тулд сонирхлын дагуу дугуйлан болон сургалтад хамрагдах нь хамгийн тохиромжтой юм. Үүнд зөвхөн хичээлийн төрлийн бус спортын дугуйлан, дуу хөгжим бүжиг зэргээс эхлүүлээд өөрийн хүссэн сонирхол чиглэлээр бие махбод, сэтгэлзүйгээ хөгжүүлэх нь энэ амралтын хамгийн үр бүтээлтэй цаг мөч байх болно.
Уншиж байна |