Аргентинд мягмар гарагт үндэсний багаа угтах баярын үеэр олон хүн нэг дор цугларч, Аргентины шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсныг тэмдэглэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хөгжөөн дэмжигчид баяр тэмдэглэх үеэр хоёр хүн амиа алджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, баярт оролцож байсан нэгэн хөгжөөн дэмжигч хүзүүндээ зүүсэн үндэсний далбаа нь мотоциклийн дугуйнд орооцолдсоноор амьсгал нь боогдож нас барсан бол 24 настай өөр нэг эр байшингийн дээвэр дээрээс унасан байна. Түүнд яаралтай тусламж хүргэхээр эмнэлгийн машинаар авч явсан ч эмнэлэг хүрч чадалгүй нас барсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Энд дуулгахад, Аргентины Ерөнхийлөгчийн тусгай зарлигаар 12 дугаар сарын 20-ны өдрийг Аргентин даяар бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, үндэсний багийнхаа ялалтыг тэмдэглэсэн байна. Аргентины шигшээ баг Катар-2022 ДАШТ-ий ялагч болсноор түүхэндээ гурвантаа Дэлхийн цомын эзэн болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |