Англи, Уэльс, Хойд Ирландын сувилагчид хоёр өдрийн ажил хаялтыг 12 дугаар сарын 15-ны өдрөө эхлүүлсэн. Өнөөдөр буюу 12 дугаар сарын 16-ны өдөр ч энэ жагсаал үргэлжлэх бөгөөд олон мянган хүн ажил хаялтад нэгдсэн гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Үндэсний эрүүл мэндийн албаны түүхэн дэх хамгийн томд тооцогдож байгаа хэмээн хэвлэлээр нэрлэгдсэн энэ ажил хаялтад оролцогчид цалингаа нэмүүлэх, хөдөлмөрийн хөлсний тогтолцоог бүхэлд нь өөрчлөхийг шаардаж байгаа аж. Харин засгийн газрын зүгээс зарим шаардлагыг биелүүлэх боломжгүй хэмээн мэдэгджээ.
Пүрэв гарагт жагсагчид 08.00-20:00 цагийн хооронд ажил хаясан юм. Өнөөдөр үргэлжлээд завсарлах энэ ажил хаялтыг 12 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Сувилагчид ажил хаясны улмаас төлөвлөгөөт үзлэг, мэс засал хойшлогдсон байна. Харин яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх хэсгүүд, химийн эмчилгээ, гемодиализийн эмчилгээ, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгууд хэвийн горимоор ажиллаж байгаа гэнэ.
Үүнээс өмнө, 12 дугаар сарын 13, 15-ны өдрүүдэд Англид төмөр замчид ажил хаясны улмаас төмөр замын хөдөлгөөнд доголдол гарсан юм. Төмөр замчид баасан болон бямба гарагуудад ч дахин ажил хаялт зарлахаар болжээ. Их Британи даяар өрнөж буй энэ ажил хаялтад түргэн тусламжийн машины жолооч нар, хилчид ч энэ сарын сүүлээр нэгдэхээр болсон бөгөөд нэн чухал албаны үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэхийн тулд эрх баригчид цэргийн алба хаагчдыг ажилд татан оролцуулах хувилбарыг хэлэлцэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |