Тайванийн Foxconn үйлдвэр Хятадын Жэнжоу дахь үйлдвэрт тавьсан коронавирусийн халдвараас сэргийлэх хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж эхэлсэн талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Жэнжоуд байх iPhone утас үйлдвэрлэдэг Фоксконы үйлдвэр дээр үйлчилж байсан хязгаарлалтуудын ихэнх хэсгийг цуцалсан байна. Ингэснээр ажилчдын байр болон ажлын байран дээр зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаа больжээ. Мөн ажилчдад зориулсан кафег дахин нээхээр болсон байна. Түүнчлэн, 2022 оны 12 дугаар сарын 31 хүртэл тогтмол ажиллах ажилчдад өдөр бүр 15 юанийн нэмэлт хөлс олгохоор болжээ.
Хятад даяар коронавирусийн халдвартай тэмцэх бодлогод өөрчлөлт оруулсны дараа ийнхүү Жэнжоу дахь үйлдвэрт мөрдөгдөж байсан хатуу хязгаарлалтуудыг цуцалсан байна. Энэ йүлдвэрт 10 дугаар сарын сүүлээр коронавирусийн 20 мянга гаруй тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоож байлаа. Улмаар энэ хөл хорио iPhone үйлдвэрлэлтийн хэмжээнд ихээхэн нөлөөлж, захиалгууд саатаж эхэлсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |