Лхагва гарагт Украин, Орос олзны хүмүүсээ солилцох ээлжит ажиллагааг явуулж, энэ үеэр АНУ-ын иргэн суллагджээ. Тэрбээр Украины талд байлдаж яваад 2022 оны зургадугаар сард Оросын талд олзлогдсон талаар "Америкийн дуу хоолой" станц мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Суэди Мурекези Херсонд байхдаа Оросын цэргүүдэд олзлогдсон байна. Тэрбээр Руанда хотод төрсөн, өсвөр насандаа гэр бүлийнхний хамт АНУ руу цагаачилжээ. Суэди Америкийн зэвсэгт найман жил алба хаасан бөгөөд 2018 онд Украин руу явж, Херсонд суурьшсан байна. Улмаар Оросын цэргүүд дайны үеэр Херсон хотод хяналтаа тогтоох үеэр баривчлагджээ.
АВС агентлагийн мэдээлснээр, Суэди Донецк дахь шоронд гурван сар хоригдож дараа нь суллагдсан байна. Гэвч түүнд Америкийн паспорт байхгүй тул Оросын эзлэн түрэмгийлсэн нутгаас гарах аргагүй болжээ. Тэрбээр АВС агентлагийн сурвалжлагчид ярихдаа "Тагнуулын төв газрын ажилтан гэж буруутган цахилгаан гүйдлээр цохиулж тамлаж байсан" хэмээжээ.
Энд дуулгахад, үүнээс өмнө ч олзны хүмүүсийг солилцох үед гадаадын иргэдийг суллаж байв. Тухайлбал, есдүгээр сард Украины тал олзноос 300 хүн сулласны дотор АНУ-ын хоёр иргэн, Британийн таван иргэн, Мароккогийн нэг иргэн гээд хэд хэдэн гадаадын иргэдийг олзноос чөлөөлж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |