“Aviationsourcenews” цахим хуудас Монголын иргэний агаарын тээврийн “Eznis Airways” компанийг Орос руу цэргийн ачаа тээвэрлэсэн гэж мэдээлжээ. Энэ мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн нисэхийн ажилтан энэ сайтад хандан өгсөн байна.
"Eznis Airways-тэй холбоотой та бүхэнд өгөх чухал мэдээлэл надад байна. Энэ компани саяхан авсан JU-1332 бүртгэлийн дугаартай Airbus A330-200 онгоцтой холбоотой юм. Одоо энэ онгоц Монголын Улаанбаатар хотод Хятадаас ачсан цэргийн ачаатайгаар газардсан. Ачаа хүрэх газар нь Орос улс. Онгоцонд 50 тонн цэргийн хувцас, зэр зэвсэг ачсан байгаа, Оросыг чиглэн ниснэ" хэмээн нэрээ нууцалсан ажилтан мэдээлэл өгчээ.
“Изинис Эйрвэйз” компани AIRBUS A330-200 агаарын хөлгөө 11 дүгээр сарын 07-нд хүлээн авсан. A330-200 агаарын хөлөг нь нэг удаагийн цэнэгээр 13 500 км туулах чадвартай, эзэлхүүн нь 199м³, даац нь 62.8 тонн юм. A330-200 маягийн агаарын хөлгийг ачаа болон зорчигч тээврийн хосолсон зориулалтаар ашиглах боломжтой. AIRBUS А330-200 агаарын хөлгөөр Лондон, Москва, Истанбул, Сөүл, Хонконг, Бээжин, Ченгдү, Гуанжоу зэрэг хот руу нислэг үйлдэнэ хэмээн “Изинис Эйрвэйз” компани мэдэгдэж байв.
“Aviationsourcenews” сайтын мэдээлснээр, энэ онгоц хамгийн сүүлд 11 дүгээр сарын 30-ны өдөр Бээжингээс нислэг үйлдсэн бөгөөд Хятадын Эрээн хот дээгүүр нисэж өнгөрөх үедээ дохиогоо унтраасан гэнэ.
Г.Бямбасүрэн