Туркийн шүүх Стамбул хотын дарга Экрем Имамоглуд 2,5 жилийн хорих ял оноожээ. Ийм ял оноосон шалтгаан нь эрх барих төлөөлөгчдийг гутаан доромжилсонд буруутай гэж үзсэн хэмээн ВВС агентлаг мэдээлсэн байна.
Тодруулбал, 2019 оны гуравдугаар сард болсон Стамбул хотын даргыг сонгох сонгуулийн үр дүнг цуцалсан албан тушаалтнуудыг Имамоглу "тэнэг" хэмээжээ. Энэ сонгуулиар тэрбээр Ерөнхийлөгчийн Шударга ёс, хөгжлийн намын нэр дэвшигчийг ялсан юм. Тухайн үед сонгуулийг хоёронтаа явуулсан бөгөөд сонгуулийн явц болон санал тоолох үеэр олон зөрчил гарсан хэмээн эрх баригч нам гомдол гаргасны улмаас сонгуулийн эхний дүнг цуцалж байжээ.
Ингээд сонгуулийн комисс эхний дүнг цуцалж, давтан сонгууль явуулахаар болсон бөгөөд эхнийх дээр Имамоглу багахан хувиар илүүрхсэн бол хоёр дахь дээр өрсөлдөгчөөсөө есөн хувийн зөрүүтэй саналаар ялсан байна. Имамоглу ийнхүү итгэл төгс ялалт байгуулсан нь Туркийн томоохон хотод Шударга ёс, хөгжлийн нам 25 жил эрх барьж байсныг дуусгавар болгосон юм.
Энэ сонгуулийн дүнгээр буюу 2019 онд анхны ялалтаа байгуулсны дараа хэлсэн үгнээс нь болж Имамоглуд хэрэг үүсгэжээ. Тухайн үед Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу түүний эсрэг зохисгүй үг хэрэглэсний хариуд ийм үг хэлсэн гэж Имамоглу мэдэгджээ.
Гэсэн ч шүүх түүнд хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх ялын тогтоолыг хэвээр үлдээвэл ирэх онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор зэхэж байсан Имамоглугийн улс төрийн карьер дуусах юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |