Франц, Мароккогийн шигшээ багууд тоглож, францчууд 2:0 харьцаагаар Мароккогийн багийг яллаа. Ингэснээр Францын шигшээ баг ням гарагт Аргентин, домогт Месситэй таарч, цомын төлөө тоглох юм.
Өнгөрсөн шөнө болсон тоглолтоор мароккочууд ялагдсан ч тэд хагас шигшээ хүртэл явснаараа "үлгэрийг үнэн болгосон" гэж спортын тайлбарлагчид үзэж байна. Өмнө нь Африк эсвэл Исламын ямар ч орон ийм амжилтыг үзүүлж байгаагүй юм. Дэлхийн шилдгүүдийг ялсан Мароккогийн баг хөлбөмбөгийн түүхэнд үлдэж байна.
Багийн тухай
Мароккогийн багийн бүрэлдэхүүний 14 хөлбөмбөгчин нь Мароккод биш өөр оронд төржээ. Тодруулбал, Мазрауи, Амрабат, Зиеш, Абухляль нар Нидерландад, Зарури, Шаир, Амалла, Эль-Ханнус нар Бельгид, Саисс, Буфаль хоёр Францад, Хакими, Мунир Испанид, Шеддира Италид, Буну Канадад төрсөн аж.
Багийн ахлагч Ромен Сесийн түүх бусдад урам зориг өгөх үлгэр шиг хэмээн хэвлэлүүд онцолж байна. Тэрбээр хүнд хэцүү амьдрал туулж энэ өндөрлөгт хүрчээ. Ердөө хэдхэн жилийн өмнө доод лигт тоглож байсан Ромен Сес өнөөдөр дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн ДАШТ-д оролцохоор үл барам багаа аваргуудын эсрэг ялалт байгуулахад нь гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Тэрбээр Францын Бур-де-Пеаж тосгонд өсчээ. Энэ тосгонд 10 мянган хүн амьдардаг. Ромений аав нь марокко харин ээж нь франц эмэгтэй аж. Тэд жижиг зоогийн газар ажиллуулдаг байсан бөгөөд том хүү болох Ромен нь өсөж том болохын хэрээр аав ээжийнхэ ажил хэрэгт туслах болжээ. Ромений хувьд хөлбөмбөг дуртай ажил нь байсан ч хангалттай орлого олж чаддаггүй байв. Тиймээс амин зуулгаа залгуулахын тулд бэлтгэлгүй үедээ аав ээждээ туслан цалин авдаг байсан гэнэ.
"Хөлбөмбөгийн багт ажиллаад 500 евро л авдаг байсан. Энэ мөнгө бензиний зардалд л таардаг байлаа. Тиймээс аавынхаа зоогийн газарт тусалдаг байсан юм. Тэнд би сав суулга угааж, үйлчлүүлэгчдэд цэс өгнө. Аав нэг их мөнгө өгч чаддаггүй байсан л даа, гэхдээ миний хувьд ажлын амтыг мэдэх, амьдралыг ойлгох нь чухал байлаа. Би энэ ажлыг хэдэн жил хийсэн. Заримдаа бэлтгэлээсээ ирээд таван настай дүүгээ харна. Оройн цагаар аав ээж маань зоогийн газар руугаа явж өглөө хүртэл ажилладаг байлаа. Тэд үнэхээр хүнд ажил хийж байгааг би харж байсан" хэмээн Ромен Сес хэвлэлийнхэнд ярьжээ.
Африк тивийн хувьд Мароккогийн шигшээ хүчтэй багт тооцогддог. Энэ баг ДАШТ-д таван удаа оролцож байлаа. Анх 1970 онд ДАШТ-д ороход хэсэгт нь Герман, Перу, Болгарын багууд багтаж байсан аж. Болгарын шигшээтэй тоглохдоо ердөө ганцхан оноо авсан мароккочууд үлдсэн хоёр тоглолтдоо ялагдаж, хэсэгтээ сүүлийн байрандп бичигдэж байв. Харин хоёр дахь удаад 1986 онд Мексикт болсон ДАШТ-д хавьгүй амжилттай оролцжээ. Тэд хэсгийн тоглолтод Польш, Англитай хайнцаж, Португалийг ялж, хэсэгтээ нэгээр бичигдэж байв. Энэ нь Африкийн шигшээ баг ДАШТ-д хэсгээсээ гарсан анхны тохиолдол байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |