Оросын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн сүүлээр өргөтгөсөн хэвлэлийн бага хурал хийлгэж, Оросын төдийгүй олон улсын хэвлэлүүдийн төлөөлөгчдийн тавьсан асуултад хариулдаг уламжлалтай. Харин энэ жил тэрбээр ийм хурал зохион байгуулахгүй гэж Дмитрий Песков мэдэгдсэн бөгөөд уламжлалаа дагаагүйн тодорхой шалтгааныг нэрлээгүй юм.
Владимир Путин жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай хэвлэлийн бага хурлаа цуцалсан нь Украин дахь дайны талаарх асуултаас зайлсхийсэнтэй холбоотой байж болзошгүй гэж Их Британийн Батлан хамгаалах яамны цэргийн тагнуулын мэдээлэлд өгүүлжээ.
Путин хэвлэлийн бага хурлаа цуцалсан нь 10 жилийн хугацаанд тохиож буй анхны тохиолдол юм. Оны эцсээр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн олон нийтийн арга хэмжээний төлөвлөгөөний чухал хэсэг байсаар ирсэн, энэ хурлыг "Путинийг үнэнч шударга гэж харуулах зорилгоор ашигладаг байсан" хэмээн Их Британийн Батлан хамгаалах яам онцолсон байна. Энэ хурлын үеэр тавих асуултуудыг урьдаас шалгадаг ч Орост дайныг эсэргүүцсэн хандлага дэлгэрч байгаатай холбоотойгоор болгоомжилж, хурлыг цуцалсан байж болзошгүй гэж Британийн тагнуул үзжээ.
Энд дуулгахад, Владимир Путин 2001 оноос эхлэн өргөтгөсөн хэвлэлийн бага хурал хийлгэж, 2012 оноос энэ хурлыг 12 дугаар сард зохион байгуулдаг байсан юм. 2009-2011 оны хооронд Путин ийм хурал зохион байгуулаагүй бөгөөд учир нь тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайдын албыг хашиж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |