Оросын Чита хотын Дүүргийн шүүх тус хотын оршин суугч Иван Лосевыг дайчилгааг шүүмжилсэн, түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг зүүдэлсэн тухайгаа Инстаграмдаа бичсэн хэргээр буруутгаж, 30 мянган рублиэр торгожээ.
Сибирь.Реалии сайтын мэдээлснээр, шүүх Лосевыг Оросын армийн нэр хүндийг гутаасан хэрэгт буруутай хэмээн үзсэн байна. Харин Лосевт шүүх хурлын талаар цагт нь мэдэгдээгүйн улмаас тэрбээр шүүх хуралдаанд оролцож чадаагүй гэнэ.
"Намайг цэрэгт дайчлаад, ямар нэг бэлтгэлийн төв рүү аваачиж байх юм. Гэтэл тэр газар руу Зеленский тэргүүтэй Украины зэвсэгт хүчин довтолж ирээд, буудах гэж байхад Зеленский над руу дөхөж ирээд "Өө, би чиний инстаграмын сториг харсан. Украин мандан бадраг!" гэж хэлж байна. Би хариуд нь "Баатрууд алдаршиг!" гэж хэлэхэд Зеленский баяртайгаар мөрөн дээр алгадаад "За түүнийг сулла, бусдыг нь бууд" гэж тушаасан. Би дараа нь тантай селфи хийж болох уу гэхэд тэр болно гэж хариулж байна гэж зүүдэллээ" хэмээн Лосев инстаграм хуудсандаа бичсэн нь хэрэгт буруудах шалтгаан болжээ.
Хэргийн материалын хуулбарт өгүүлснээр, есдүгээр сарын 23-ны өдөр бичсэн инстаграмын постыг Забайкальскийн Холбооны аюулгүй байдлын ажилтнууд олж уншсан гэнэ. Ингээд түүнд хэрэг үүсгэх болжээ.
"Хэрэг үүсгэх зургаан үндэслэлийг бичсэн байсан. Төсөөлж ч чадахгүй юм, Забайкальскийн 40 настай аюулгүйн ажилтан нухацтай царай гаргаад би Зеленскийг хэрхэн зүүдэлсэн талаарх миний сториг үзэж байсан юм байх даа?" хэмээн Лосев хэвлэлийнхэнд ярьжээ.
Дайн өдүүлсэн болон хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойш Орост дайн болон дайчилгааг эсэргүүцсэн, энх тайванд уриалсан хүмүүсийг "Оросын армийн нэр хүндийг унагасан" гэх хэргээр захиргааны хэрэг үүсгэн, торгуулийн шийтгэл оноосоор байгаа юм. Саяхан гэхэд Оросын Казань хотод дайчилгааг эсэргүүцэн "Би аавдаа хайртай" гэсэн бичиг барин зогссон эмэгтэйг торгож байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |