БНХАУ-ын дарга асан Зян Зэминий чандарыг ням гарагт Хятадын дорнод зүгт байх Янжы голд цутгах хэсэгт оршоожээ. Энэ талаар Хятадын төв телевиз мэдээлсэн байна.
"Нөхөр Зян Зэминь болон ар гэрийнхнийх нь хүсэлтээр гүн хүндэтгэлт нөхөр Зян Зэминий чандарыг 11-ний өдөр тэнгист оршоолоо" хэмээн телевизийн мэдээлэлд өгүүлжээ. Түүний чандарыг цэргийн хөлөг онгоцны тавцан дээрээс цэцгийн дэлбээний хамтаар цацсан бөгөөд энэ ёслолд БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Цай Ци болон Зянь Зэминий бэлэвсэн эхнэр Ван Епин нар оролцжээ.
Зян Зэминь 11 дүгээр сарын 30-ны өдөр Шанхай хотод 96 насандаа таалал төгссөн. Түүний шарилыг Шанхайгаас Бээжин рүү тусгай онгоцоор авчирж, албан ёсны гашуудлын арга хэмжээ долоо хоног үргэлжилсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |