1988 онд Боинг онгоцыг сөнөөсөн хэргийн буруутныг АНУ-д баривчилжээ
2022-12-12

Одоогоос 34 жилийн тэртээ Локербигийн дээгүүр нисэж явсан PanAm агаарын тээврийн компанийн онгоцыг сөнөөсөн бөмбөгийг хийсэн Ливийн иргэнийг АНУ-д баривчилжээ. Энэ талаар Шотландын эрх баригчид мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

"Локербид болсон дэлбэрэлтийн үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд сэжигтэн Абу Агила Мохаммад Масуд Хейр аль-Марими АНУ-д хоригдсон гэдгийг дуулгасан. Шотландын прокурор, цагдаагийнхан Их Британийн засгийн газар, Америкийн талтай хамтран аль-Меграхи (shuud.mn: онгоц сөнөөсөн хэрэгт шийтгүүлсэн цорын ганц хүн, 2012 онд нас барсан) -тай хамтаар энэ ажиллагааг зохион байгуулсан хүн бүрийг хариуцлагад татах зорилгоор мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж байна" хэмээн Шотландын Прокурорын газрын төлөөлөгч мэдэгджээ.

 

Өдгөө АНУ-д баривчлагдсан Масуд энэ оны 11 дүгээр сард Ливид босогчдод барьцаалагдсан талаарх мэдээлэл гарч байлаа. Тухайн үед түүнийг Америкийгн талд шилжүүлж өгч болзошгүй гэсэн таамаглал гарч байсан юм. 

 

АНУ Масудыг 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр PanAm агаарын тээврийн компанийн "Боинг-747" онгоцыг сөнөөх ажлыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн үзэж хоёр жилийн өмнө түүнд ял тулгажээ. Энэ ослын улмаас онгоцны зорчигч болон экипажийн багийнхан нийлсэн нийт 270 хүн бүгд амиа алдсаны дээр онгоцны хэлтэрхий унасны улмаас Локерби тосгонд 11 хүн амиа алдсан юм.

 

Одоогоор энэ алан хядах ажиллагааны төлөө ял шийтгэл сонссон цорын агнц хүн нь Абдельбасет аль-Меграхи бөгөөд түүнийг 2001 онд Нидерландад тусгайлан зарласан Шотландын шүүхээр оруулж байв. Ингээд Меграхид бүх насаар нь хорих ял оноосон ч 2009 онд Шотландын засгийн газар түүнийг суллаж байжээ. Учир нь тэрбээр хорт хавдар туссан байв. Ингээд Меграхи Ливид эргэн очиж, гурван жилийн дараа нас барсан байна. 

 

Меграхи шүүх хурал эхлэхээс эхлээд л өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлж, хоёр ч удаа давж заалдах өргөдөл гаргаж байжээ. Түүнчлэн онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний зарим нь Меграхиг шүүхийн алдааны золиос болсон гэж үзэн хэргийг дахин хянан шалгахыг шаарддаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин