Мараккогийн дэмжигчид үймээн дэгдээж, 170 хүн баривчлагджээ
2022-12-12

Катарт үргэлжилж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд Франц, Мароккогийн багууд ялсныг Франц дахь хөгжөөн дэмжигчид тэмдэглэн, улмаар ялалтын баяр үймээн болон хувирчээ. 

 

Бямба гарагийн үдэш 20 мянга орчим хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч Франц болон Мароккогийн шигшээ багуудын ялалтыг тэмдэглэхээр Парисын Елисейн талбайд цугларсан байна. Анхандаа олныг хамарсан цуглоаан тайван болж байсан ч шөнө дундын үед хэт хөөрсөн хөгжөөн дэмжигчид хамгаалалтад гарч байсан цагдаагийнхан руу жижиг тэсрэх төхөөрөмж шидсэнээр байдал хурцаджээ.

Улмаар үймээн дэгдэж, зарим хөгжөөн дэмжигч хотын объектууд руу халдаж, ойролцоох барилгуудын шил цонхыг хагалах оролдлого хийсэн байна. Түүнчлэн цагдаагийнхантай мөргөлдсөн тул цагдаагийнхан дэг журам зөрчигчдийн эсрэг нулимс асгаруулах хий цацаж, 170 хүнийг баривчилжээ.

 

Францад 12 дугаар сарын 10-ны шөнө дэгдсэн эмх замбараагүй байдлын үеэр 170 хүн саатуулагдсанаас 80 хүнийг цааш үргэлжлүүлэн хорихоор болжээ. Коммерсант агентлагийн мэдээлснээр, цагдаагийнхны саатуулсан хүмүүс дунд насанд хүрээгүй 23 хүн байсан гэнэ. Саатуулагдсан хүмүүсийг цагдаагийнхны шаардлагыг дагаагүй, үймээн самуун дэгдээсэн, тэсэрч дэлбэрэх бодис хадгалсан хэмээн буруутгаж байгаа аж.

Марокко улс өмнө нь Францын колони байсан. Мөн энэ улсаас гаралтай олон хүн Францад амьдардаг юм. Тиймдээ ч тэд Марокко болон Францын ялалтыг өргөн дэлгэр тэмдэглэхээр олноор цугларсан нь ийнхүү үймээн дэгдэх эхлэл болсон байна. 

 

Франц, Мароккогийн багууд лхагва гарагт ДАШТ-ийн финалын төлөө тоглох бөгөөд энэ үеэр нөхцөл байдал дахин хурцдаж болзошгүй гэж цагдаагийнхан сэрэмжилсний лумаас Парис хотод цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ. 

Мароккогийн шигшээ баг бямба гарагт Португалитай тааран тоглож, 1:0 харьцаагаар хожсон бол францчууд Английн шигшээ багийг 2:1 харьцаагаар хожсон юм. Ингэснээр энэ хоёр баг хоёулаа хагас финалд шалгарсан. Мөн Марокко улс хөлбөмбөгт ийм амжилтад хүрсэн анхны Африкийн орон болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин