Нүүрсний хулгайчдыг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан залуусын жагсаал зургаа дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Жагсагчидтай Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дөнгөж сая уулзлаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Та бүхний тэмцэл алхам алхмаар явж байна. Гаалийн байгууллагад шинэчлэл хийгдэж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд ахиц гарч байна.
Нэрсийг зарла гэж байгаа нь зөв. Ерөнхий сайд улсын ерөнхий прокурортай өнөөдөр уулзах хүсэлт гаргаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд прокурорын байгууллагын зөвшөөрлөөр мэдээллийг олон нийтэд зарладаг хуультай. Тиймээс Ерөнхий сайд өнөөдөр энэ хүсэлтийг Ерөнхий прокурорт тавьж, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн мэдээллийг авахаар ярилцаж байна” гэсэн мэдээллийг жагсагчдад өглөө.
Жагсагчдын төлөөлөл У.Цогтбаяр “Төрөөс төрсөн тэрбумтан, хулгайчдад тохирох ял шийтгэлийг нь оногдуулж, хөрөнгийг нь хурааж төсөвтөө татъя. Бид төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын гишүүд бүгдийг хулгайч гэж бодож байна. Тиймээс Хуульзүйн сайд таниас эхлээд дансаа бүгдэд ил болгочих. Бас МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч ил болго. Бүгд хулгай хийхийн төлөө төр рүү үхэн хатан тэмцдэг юм байна” гэсэн шаардлагыг тавилаа.
Мөн зургаан өдөр -30 хэмийн хүйтэнд залуусыг дааруулсан иргэдээсээ том төрөөс гэр, эсгий хүслээ.
Харин ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жагсагчдын шаардлага өнөөдөр өөр болсныг хэлээд "хүнийг хулгай хийсэн эсэхийг зөвхөн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно. Шалгалтын ажил явагдаж байна" гэдгийг нэмж хэллээ.
Б.Хэрлэн