Сирийн эрх баригчид төрийн байгууллагуудын ажлын долоо хоногийг дөрвөн өдөр болгон багасгах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр нь түр хугацаанд үйлчилнэ гэж Коммерсант агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр,и ажлын долоо хоногийг цөөлөх шийдвэр гаргасан нь хориг арга хэмжээний улмаас түлш хомстон, үндэсний валютын ханш унасантай холбоотой аж. Сирид баасан, бямба гарагууд албан ёсны амралтын өдрүүдэд тооцогддог. Харин түр журам нэвтэрснээр 12 дугаар сарын 11, 18-ны ням гарагуудад Сирийн төрийн байгууллагууд ажиллахгүй юм байна.
Энэ шийдвэр тасалдалгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгууллагуудад хамаарахгүй. Тэр дундаа талхны газар, эмнэлгүүд ердийн хуваариар ажиллах бол төрийн байгууллагууд богиносгосон ажлын долоо хоногтойгоор ажиллаж, харин зарим их дээд сургуулийн хичээлийг түр цуцалжээ.
Сирийн Дотоод худалдааны сайд Амр Салимын өгүүлснээр, худалдааны журам алдагдсаны улмаас тус улсад 142 шатахуун түгээх станц хаагдсан, нөхцөл байдлыг хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ. Энэ улсад хямрал 50 өдрийн өмнө эхэлсэн ч хуримтлуулсан нөөцөө ашиглан өнөөдрийг хүрсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |