Тайванийн эрх баригчид төрийн албан тушаалтнуудыг Хятад компанийн мэдэлд байдаг олон нийтийн сүлжээ ашиглахыг хоригложээ. Энэ талаарх мэдээллийг Тайванийн хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Тодруулбал, Тайванийн албан тушаалтнууд TikTok, Xiaohongshu гэсэн сүлжээг ашиглахыг хоригложээ. Энэ сүлжээний аппликейшнийг татаж суулгах, нийтийн эзэмшлийн төхөөрөмж болон төрийн байгууллагад ашиглахыг хориглосон байна. TikTok болон түүний хятад хувилбар болох Douyin, түүнчлэн Инстаграмтай ижил ажиллагаатай Xiaohongshu олон нийтийн сүлжээг арлын мэдээллийн аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц программууд гэж Тайванийн эрх баригчид мэдэгджээ.
Түүнчлэн эх газрын Хятадад боловсруулсан бүхий л программ хангамжуудыг хориглосон байна. Энэ хориг энгийн иргэдэд үйлчлэх эсэх талаар хэвлэлийнхэн асуухад "бусад орнуудын энэ тал дээрх туршлагыг харгалзан шийдвэр гаргана" хэмээн хариулжээ.
Г.Бямбасүрэн