ОХУ хэл соёлоор дамжуулан нөлөөллөө хадгалах, тэлэх бодлогоо хуучин Зөвлөлтийн орнуудад хэрэгжүүлсээр байна. Энэ удаад Тажикистанд орос сургууль байгуулахаар төлөвлөж байгаа талаар Коммерсант агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тажикистанд орос хэлтэй сургууль барих, хангамжийг нь шийдэх зорилгоор Оросын Сангийн яам 5,74 тэрбум рублийн санхүүжилт авахаар болсон байна. Холбогдох захирамжид Оросын Ерөнхий сайд Михаил Мишустин гарын үсэг зуржээ. Захирамжид тусгаснаар, Тажикистаны Душанбе, Куляб, Хужанд, Бохтар, Турсундзе гэсэн хотуудад дунд сургууль байгуулах юм байна.
Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сард Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмоны хамтаар тус улсад таван орос сургуулийг нээж байлаа. Сургуулийн нээлт хийх ёслолыг цахимаар хийж байв. Өмнөх онд Оросын Засгийн газар Тажикистанд орос сургууль байгуулахад 150 сая доллар зарцуулжээ.
Г.Бямбасүрэн