Иранд эсэргүүцэлд нэгдсэн 21 хүнд дүүжлэх ял оноож, эхний цаазын ялыг гүйцэтгэжээ
2022-12-09
Цаазлуулсан Мохсен Шекари. Гэрэл зураг: ВВС 

 

Иранд есдүгээр сард Махса Амини гэх залуу бүсгүй хижабаа буруу өмссөн хэргээр цагдаагийнханд саатуулагдаж, дараа нь нас барсан нь Иран даяар эсэргүүцэл дэгдэх шалтгаан болсон юм. Ираны иргэд улс даяар эсэргүүцэлд нэгдэж, үймээн самуун газар авсан юм. Тус улсын эрх баригчид энэ эсэргүүцлийг хууль бус хэмээн үзэж, оролцогчдод хатуу шийтгэл онооно гэж мэдэгдсэнээрээ олон улсын зүгээс шүүмжлэлтэй тулгарч байв. Гэсэн ч Ираны эрх баригчид олон улсын шүүмжлэлийг үл харгалзан жагсаалд оролцогчдыг олноор нь баривчилж, 20 гаруй хүнд цаазын ял оноожээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, пүрэв гарагт эхний цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Тодруулбал, Ираны иргэн Мохсен Шекариг Басиж цэргийн бүлэглэлийн гишүүн рүү халдсан, хотын гудамжинд хөдөлгөөнд саад болсон буруутай хэмээн үзэж дүүжилжээ. 

 

Цаазын ял гүйцэтгэсний дараа Исламын хувьсгалын харуулуудын корпус "аюулгүй байдал болон исламын эсрэг" үйлдсэн гэмт хэрэгт хурдан, шийдэмгий ял оноосон хэмээн шүүхийг магтсан бол хүний эрхийг хамгаалагчид Ираныг шүүмжилсэн байна.

 

Тегераны Хувьсгалын шүүхийн сонсгол дээр мэдэгдсэнээр, Шекари Басижийн гишүүн рүү хутга барин дайрч, мөрөн тус газар нь шархдуулсан хэмээн баривчилжээ. Ингээд зэвсэг ашиглан, "хүний амь хөнөөх, алан хядарх ажиллагаа үйлдэх, олон нийтийн дэг журам болон аюулгүй байдлыг алдагдуулах зорилгоор" халдлага үйлдсэн хэмээн шүүх түүнийг буруутгаж, шариатын хуулиар "Аллахын эсрэг дайн" өдөөсөн хэмээн үзэж цаазын ял оноосон байна.

 

Энэ шүүх хурлыг телевизээр шууд дамжуулсан бөгөөд энэ нь олон нийтийн жагсаалд оролцогчдыг айлгах зорилготой хийсэн эрх баригчдын алхам гэж Эмнести Интернейшнл хүний эрхийн байгууллага мэдэгджээ. Одоо дахин 21 хүн цаазын ялаа хүлээж байгаа гэнэ.

 

"Ираны эрх баригчид энэ бүх цаазын ялыг нэн даруй цуцлаж, цаазыг гүйцэтгэхээс татгалзаж, тайван жагсаалд оролцсон хэргээр баривчлагдсан бүх хүнийг суллах ёстой" гэж Эмнести Интернейшнл байгууллага мэдэгдсэн байна.

 

Мохсен Шекариг цаазласан үйлдэлд хатуу хариу арга хэмжээ авах ёстой, үгүй бол бид өдөр бүр жагсаалд оролцогчдыг цаазлаж байгааг харна хэмээн Осло дахь Ираны хүний эрхийн байгууллагын захирал Махмуд Амири-Могаддам мэдэгджээ.

 

Ираны эсэргүүцэл 

 

Есдүгээр сарын 16-ны өдөр Иранд 22 настай Махса Амини гэх курд гаралтай бүсгүй хижаб буруу өмссөн шалтгаанаар цагдаагийнханд саатуулагдсаныхаа дараа нас барсан нь Иран даяар эсэргүүцэл дэгдэх шалтгаан болсон юм. 

 

Түүний үхлийн дараа эмэгтэйчүүд, их сургуулийн оюутнууд төдийгүй сургуулийн сурагч охид эрх баригчдаа эсэргүүцэн, өөрсдийн эрхийн төлөө гудамжинд гаран жагсаж байв. Жагсаал тайван үргэлжилж байсан бөгөөд охид бүсгүйчүүд хижабаа тайлан шатааж, засгийг эсэргүүцэн хашгирч, хууль сахиулагчидтай зөрчилдөж байв. 

 

Ираны эрх баригчид энэхүү эсэргүүцлийн давалгааг зогсоож хүчрэхгүй байгаа бөгөөд энэ эсэргүүцлийг бослого хэмээн нэрлэж, энэ бүхэнд АНУ, түүний холбоотнууд болох Израиль, Их Британи буруутай хэмээн мэдэгдсээр байгаа юм. Түүнчлэн эсэргүүцлийг хүчээр дарахаар хууль, цэргийнхнийг босгож, 1000 гаруй оролцогчийг баривчилсны дотор эрдэмтэд, сэтгүүлчид, хуульчид ч багтжээ. Иранд дэгдсэн энэ үймээний үеэр 458 оролцогч, тэр дундаа 63 хүүхэд, өсвөр насныхан амиа алдсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин