Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахгүй байгаатай холбогдуулан залуус өнгөрсөн ням гарагаас эхлэн Сүхбаатарын талбайд жагсаал хийж байгаа. Дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар Сүхбаатарын талбай дээр жагсагчдын төлөөлөлтэй уулзсан билээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсний хэргийг илрүүлэхэд Засгийн газар хүчин мөхөсдөж байна. Ард түмний дэмжлэг хэрэгтэй байна" хэмээсэн юм.
Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчдын төлөөлөл болох 100 залуустай Төрийн ордонд уулзаж, нүүрсний хулгайн асуудлыг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулна хэмээсэн.
Харин энэхүү 100 хүний төлөөллийг Төрийн ордонд оруулах асуудлаар жагсаж буй ард иргэд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Ингэхдээ, "Ерөнхий сайд толгойтой хүмүүс гарч ирээд ямар ч шийдэл ярьсангүй. Ард иргэдийг хоёр хэсэг талцуулаад ороод явчихлаа. 100 иргэний төлөөлөл ороод юу ч зохицуулж чадахгүй. Харин ч худалдагдаад гараад ирнэ. Үүний оронд шийдэл гартал жагсаалаа дуусгахгүй хамт байцгаая. Хэрэв үнэхээр төлүүллүүдийг сонгогдох юм бол ямар нэг улс төрд ороогүй эдийн засгийн болон хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй салбартаа манлайлсан, үнэнч шударга нас тогтсон хүн хэрэгтэй.
Мөн Улстөрчид индэр дээр өөрсдийн хүнээ гаргаж, яриулаад биднийг хуурч болохгүй. Ард түмэн үнэний төлөө жагсаж байна. Үүнийг өөрсдийн төлөө жагсаал болгож болохгүй. Бидний ирээдүй үнэхээр бүрхэг харагдаж байгаа учир бүгд энэ тэмцэлд нэгдэх хэрэгтэй" хэмээн уриалж байна.
Уншиж байна |