Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд жил бүр есөн сая хүний нас баралтын шалтгаан бохирдлоос үүдэлтэй байгааг нэгэн шинэ судалгааны тайланд дурджээ.
"Lancet Planetary Health" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд хүн төрөлхтөн нийгмийг аж үйлдвэржүүлэн хөгжүүлэхийн хэрээр ус, агаарын бохирдол үүсэж, цаашлаад химийн бодис болон ахуйн хүрээний бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоо нэмэгдсээр байгааг онцолсон байна. Үйлдвэржилт, хотжилттой холбоотой нас баралт 2015 оноос хойш 7%-аар, 2000 оноос хойш 66%-аар өссөн байна.
Эрүүл мэнд, бохирдлын дэлхийн холбооны гүйцэтгэх захирал, судалгааны багийн гишүүн Рэйчл Купка
“Бохирдол манай гарагийн байгаль орчны хамгийн том үхлийн шалтгаан болж байна” гэсэн түгшүүрийн харангыг дэлдээд таван жил болж байна. Гэвч энэ асуудалд чиглэсэн хөгжлийн хөтөлбөрүүдээс хүссэн үр дүнгээ хүмүүс бид хараахан авч чадсангүй. Ингээд зогсохгүй бохирдолд хамгийн ихээр нэрвэгдсэн орнууд руу урсах санхүүжилтийн хэмжээ буурсаар байна.
Бохирдлоос үүдэлтэй нас баралтын дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд жил бүр 6.5 сая хүн нас барж байна гэж тайланд дурджээ. Гэсэн хэдий ч бодит байдал дээр агаарын бохирдол үүнээс олон тооны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тооцоолсноор дэлхийн хүн амын 99% нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна.
Одоогоор дэлхийн зах зээл буюу хүмүүсийн хэрэгцээнд 350,000 өөр төрлийн хиймэл химийн бодис байгаа бөгөөд ирэх 10 жилд химийн бодисын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна.
Бохирдол дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүн бүрд нөлөөлж болох ч бохирдлоос үүдэлтэй нас баралтын 92% нь бага, дунд орлоготой орнуудад тохиолддог гэж дурджээ.
Бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл асар их. Тэр дундаа бага дунд орлоготой орнууд энэ ачааны хүндийг үүрч байна. Эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлсээр байхад олон улсын хөгжлийн хөтөлбөрүүд энэ асуудлыг үл тоомсорлодог.
Лансет Комиссын бохирдол, эрүүл мэндийн хорооны дарга, судалгааны багийн ахлагч Ричард Фуллер
Засгийн газар, засгийн газар хоорондын байгууллагууд, хувь хүмүүс бидний хүрээлэн буй орчны бохирдол, түүнээс шалтгаалах хор хөнөөлийг хүлээн зөвшөөрдөг ч энэ асуудлыг шийдвэрлэхэд хангалттай ажил хийгээгүй. Түүгээр ч зогсохгүй сүүлийн үед үндэсний хөгжлийн хөтөлбөрүүд уур амьсгалын өөрчлөлт болон Ковид-19 цар тахалд анхаарлаа хандуулаад байгаа билээ. Гэсэн ч бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрүүл мэнд нь хоорондоо салшгүй холбоотой асуудлууд бөгөөд бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, хүн төрөлхтний сайн сайхан байдалд тустай.
Бостон коллежийн Дэлхий нийтийн эрүүл мэндийн хөтөлбөр, дэлхийн бохирдлын ажиглалтын төвийн захирал Филип Ландриган "Бохирдол хүн төрөлхтөн болоод гараг ертөнцийн эрүүл мэндэд заналхийлэгч хамгийн том хүчин зүйл болоод зогсохгүй орчин үеийн нийгмийн тогтвортой байдалд аюул учруулж байна. Бохирдлоос сэргийлэх нь өөрөө уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулах хүчин зүйл болох ба эх дэлхийн эрүүл мэндэд ч давхар ашиг тустай. Тиймээс бид судалгааны тайландаа бүхий л төрлийн чулуужсан түлшнээс татгалзаж, цэвэр, сэргээгдэх эрчим хүч рүү асар хурдан шилжихийг уриалсан" гэлээ.
Гарагуудын хил хязгаарын онолд хүний амьдралд ээлтэй, байгаль орчны тэнцвэртэй байдлыг зохицуулах, тогтворжуулах, хадгалах үүрэгтэй есөн хязгаарлалт байдаг боловч тус бүр нь байгаль орчны эрс тэс өөрчлөлт, ачааллыг тэсвэрлэх чадвар харилцан адилгүй гэж үздэг. Эдгээр есөн хил хязгаарлалтад:
Бохирдол дээрх хязгаарлалт бүрд нөлөөлөх боловч уур амьсгалын өөрчлөлт, агаар мандлын аэрозолийн бохирдол, бидний хүрээлэн буй орчинд шинэ төрлийн бодисууд ялгарах зэрэгт хамгийн хүчтэй нөлөөлөл үүсгэх боломжтой юм.
Ингэхдээ бохирдлоос сэргийлэх хамгийн үр дүнтэй алхам нь "асуудлыг шийдвэрлэх улс төрийн хүсэл зориг" гэж үзэж байгаа ба ийм төрлийн арга хэмжээ авснаар нийгмийн эрүүл мэндийг бодитойгоор хамгаалж, байгаль орчин, эдийн засгийн хөгжил, боловсролын түвшин зэрэг бусад үзүүлэлтүүдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж чадна гэдгийг нэмж тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Lancet Planetary Health
Уншиж байна |