Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр тохиож байна.
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр.
Тухайн өдрийн чухал нэгэн үйл бол нэг өдрийн сахил. Тодруулбал, аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожин буюу нэг өдрийн сахил авах ёс юм.
Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай төвд үг. Энэхүү сахилыг сар бүрийн билгийн тооллын шинийн найман, арван таван, битүүний өдрүүдэд авч сахиваас тус эрдэм үлэмж болохын дээр Бурхан багшийн их дүйчин өдөр сожин сахил авч байвал тус эрдэм нь хязгааргүй билээ.
Сожин сахил авахдаа өглөө эрт гарын алганы зураас харагдах цагт босож бурхан шүтээн, лам багшийнхаа өмнө гурав мөргөөд сожингийн судраа уншин сүүлд нь дахин гурвантаа мөргөж, уншлага уншин, ам аван сахидаг зан үйл юм. Сожин сахил авах энэ ёс нь эртнээс нааш лам хуварга, болон манай ард түмний дунд өргөн дэлгэрсэн аж.
Нэг өдрийн сожин сахилын сахих найман зүйл
Аливаа амьтны амийг үл таслах
Бусдын эдийг үл авах
Эр эмийн үйлийг үл үйлдэх
Худал үгсийг үл өгүүлэх
Элдэв гэмт архийг үл уух
Өндөр ширээ дэвсгэрт үл суух
Цаг бусын идээ үл идэх буюу үдээс хойш хоол үл идэх, цагаан хоол идэх
Чимэг зүүлт үл хэрэглэх, бүжиг дууг үл сонсох зэрэг болой
Нэг өдрийн сахил авахын ач тус
Ёс суртахуунгүй явсны сэтгэлийн зовлон арилах ба ариун сэтгэлээр ном сонсох, яруу сайхан алдар зүг зүгт түгэх, амгалангаар унтах, мөн унтахын цагт тэнгэрсүүд сахих, хилэнц нүглийн хир арилах, дайсан ба хүмүүн бусууд үл хорлох, харин нааш тус хүргэх, хувцас идээ тэргүүтэн төвөггүй олдох, аль тавьсан ерөөл өөрөө бүтэх тэргүүтнийг сударт номлосон болой.
Уншиж байна |