Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Б.Бямбадорж: Коронавирусийн халдвар нэмэгдэх хандлагатай байна
2022-11-14

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхайг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 27 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 76 хувьтай байжээ. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өвөлжилтийн бэлтгэл 99 хувьтай, замын цас, мөс цэвэрлэгээний ажлыг бүрэн хийж дуусжээ. Давсны 2808 тонн, бодисын 2030 тонн нөөц байна. Мөн сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөх үйл ажиллагаанд хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 643 цэгээр сайжруулсан түлш борлуулж, 116 мянган тонн нөөцтэй байна. Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуй нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 8758 аж ахуйн нэгж, байгууллага гаднах орчны 50 метрийн зам талбайн цэвэрлэгээг хийж, нийт 408,644 ам метр талбайд цас, мөсний цэвэрлэгээ хийжээ.

 

 

Түүнчлэн Улаанбаатар хотын Бага тойрууд зургаан давхраас дээш барилга, байгууламж бариулахгүй, зөвшөөрөл олгохгүй байх захирамжийн төслийг тооцоо, судалгаатай нь боловсруулан танилцуулах үүрэг өгсөн юм. Энэ дагуу барилга байгууламж барих зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлахгүй байхаар 85 га талбайд барилгажилтын судалгаа хийжээ.

 

Аюулт үзэгдэл, ослоос 39 иргэнийг аварчээ

 

 

Үүний дараа өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулав. Тэрбээр “Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 61, аврах ажиллагааны 15, нийт 76 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргаж, 3.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, аюулт үзэгдэл, ослоос 39 иргэнийг аварч ажилласан. 2022 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1588, ой хээрийн түймрийн зургаа, аврах ажиллагааны 204, нийт 1798 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлт” хэмээлээ.

 

Зөрчил 52.4 хувиар буурсан

 

 

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өмнөх 14 хоногоос зөрчил 52.4 хувиар буурсан. Харин гудамж, талбай, олон нийтийн газар танхайрсан зөрчил өссөн. Мөн Экологийн цагдаагийн албаны Хяналт шалгалтын хэлтсээс сайжруулсан шахмал түлшний хяналт шалгалтын хүрээнд байнгын найм, хөдөлгөөнт 16 постод хяналт, шалгалт хийж байсныг нэмэгдүүлж, шөнийн эргүүл гарган ажиллуулж байна” гэв.  

 

Ц.Ганболд: Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Агаарын чанар, шахмал түлшний стандартын талаар холбогдох албаныхнаас тодруулав. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна. PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ онд 122 мкг/м3 болж багассан. Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жил 142 мкг/м3 байсан, энэ жил 100 мкг/м3 байна. Өнөөдрөөс сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг 650 болгож нэмсэн. Мөн цаашид шаардлагатай цэгийг нэмэхээр төлөвлөж байна. Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан” хэмээлээ.

 

 

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Манайхаас түлшний чанарт байнга хяналт тавьж байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн сайжруулсан түлшний чийг, бат бөх чанар сайн, уугилт бага байна” гэсэн юм.

 

Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна

 

 

“Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улирлын томуу, ковидын дэгдэлт зэрэгцэж байна. Улирлын томуугийн идэвхжил хоёр долоо хоногийн өмнөөс ихсэж, орны ачаалал нэмэгдсэн. Өнөөдөр ч идэвхжилийн зэрэг хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт ковидын халдвар авсан иргэдийн тоо гурван оронтой тоонд орсон буюу хамгийн ихдээ 306 хүн бүртгэгдсэн. Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна. Омикроны шинэ хоёр хувилбар бүртгэгдсэн. Вакцинжуулалтын идэвх сул байна. Улирлын томуугийн вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төв болон гэрээр нь хийж байгаа. Мөн дотор орчинд амны хаалт зүүж хэвших шаардлагатай байна” гэлээ.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч дүүргийн удирдлагуудыг харьяа эмнэлгүүдээр орж, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгов.

 

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэхийг үүрэг болгов

 

 

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд үүрэг, даалгавар өглөө. Тэдгээрээс дурдвал,

 

  • Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах.

  • Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах.

  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлт, төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэх зэрэгт хяналт тавьж ажиллах.

  • Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

  • Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт хийх ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих төлөвлөлтөө эрчимжүүлж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс гаргасан судалгаатай нэгтгэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал танилцуулах.

  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллахыг үүрэг болгов.

 

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Түгжрэлтэй бүүр эвлэрчээ. Жижүүрийн асуудал яриад л өнгөрөх юм даа. Ямар их хохирол амс ч байна аа. Крантаа хаадаггүй.
2022-11-14