Өчигдөр оройноос эхлэн нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ саатуулагдсан талаарх мэдээлэл тархаад байна. Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдын албан тушаалыг хашиж байхдаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд бусдад давуу байдал бий болгосон, мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн байгаа юм.
Тэгвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн 2021 оны хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлэв. Ж.Бат-Эрдэнийнх 2021 онд жилийн 800 гаруй сая төгрөгийн орлого олсон байна. 2020 онд тэднийх жилийн 100 хүрэхгүй сая төгрөгийн орлого олж байсан бол ийнхүү огцом нэмэгдсэн байх юм. Тодруулбал, Ж.Бат-Эрдэнийн гэр бүлийн гишүүд 2021 онд гэнэт 700 гаруй сая төгрөгийн орлого олсон байгаа юм. Мөн Ж.Бат-Эрдэнийнх 300 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай байсан бол 2021 онд орон сууцаа 700 сая төгрөгөөр үнэлжээ. Ийнхүү жилийн дотор жинтэйхэн хөрөнгөжсөн тэрбээр хуулийн өмнө тайлбар өгөхөөр 48 цаг саатуулагдлаа.
Өчигдөр оройноос эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ж.Бат-Эрдэнэ нь цагаан дээр хараар бичсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс өөрөөр хэрхэн ямар байдлаар хөрөнгөжсөн гэдэг нь удахгүй ил болох биз. Мэдээж ойрын өдрүүдэд гишүүн асан Ж.Батзандангийн нүүр хуудас уур омгоор дүүрэн байх нь тодорхой болж байна.
П.ГОО
Уншиж байна |