Эмэгтэй боксчдын насанд хүрэгчдийн ДАШТ Туркийн Истанбул хотод үргэлжилж байна. Тус тэмцээн энэ сарын 6-ны өдөр эхэлсэн бөгөөд Монгол Улсын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид улсаа төлөөлөн оролцож байгаа юм.
Монгол Улсын Үндэсний шигшээ баг 18-25 насны арван тамирчны бүрэлдэхүүнтэйгээр 48-70 кг жинд өрсөлдөж байна.
Тэмцээний тав дахь өдрийн байдлаар эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ганзоригийн Бадмаараг, Бразилын тамирчин Б.Феррейратай тулалдаж ялагдал хүлээж тэмцээнээ дуусгасан байна. Түүний өрсөлдөгч Бразил улсын тамирчин Токиогийн олимпын мөнгөн медальтай, дэлхийн аварга, Пан-Америкийн аварга тамирчин аж.
Харин 54 кг-ын жинд тулалдсан О.Есүгэн эхний тойрогт Мехсикийн тамирчин К.Фернандестай тулалдаж, техникийн илт давуу байдлаар ялалт байгуулжээ. Түүний дараагийн тулаан энэ сарын 15-нд болох бөгөөд Энэтхэг улсын тамирчин Шишкатай оноолт таарчээ.
Өнөөдөр манай тамирчдаас Э.Эрдэнэтуяа 70 кг-ын жинд Польш улсын тамирчин Дариа Парада-тай тулалдах юм байна.
Энд дуулгахад, IBA буюу Олон улсын боксын холбооны конгресс өнөөдөр Турк улсад эхэллээ. Их хуралд Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, гавьяат дасгалжуулагч С.Баясгалан нар оролцож байгаа бөгөөд IBA-ийн Ерөнхийлөгчийн зөвлөхөд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нэр дэвшжээ. Тус албан тушаалд түүнтэй 20 гаруй хүн өрсөлдөж байгаа аж.
Б.Намуунзаяа
Уншиж байна |